“Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Тэрбээр, 2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 227,527 нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн дундаж зарлагын хэмжээтэй харьцуулан авч үзвэл нийт ахмадуудын 60 орчим хувь нь 500,000 /таван зуун мянга/ төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч, нэг өрхийн хоёр өндөр настан нийлээд дээр дурдсан өрхийн дундаж зарлагын 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний тэтгэврийн орлогоор амьдарч байгаа бөгөөд энэ нь улс орон, үр хүүхэд, хойч ирээдийнхээ төлөө насаараа зүтгэн хөдөлмөрлөсөн, тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудыг амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч амьдарч байна. Монгол Улсад үйлчилж байгаа нийгмийн хамгааллын бодлого шинэчлэн өөрчлөгдсөөр байгаа хэдий боловч зорилтод бүлгийн иргэдийн амьдралын наад захын хэрэгцээг хангангүй, дутагдалтай байсаар байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй, ялгаатай, Засгийн газраас амьжиргааны баталгаажих төвшинг тогтоосон мөнгөн дүнгээс дөнгөж дээгүүр байгаа байдал нь шударга, энэрэнгүй зарчимд суурилдаг манай улсын тэтгэврийн тогтоцоонд нийцэхгүй байгаагаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дийлэнх нь зээл авч, түүнийгээ төлж чаадахгүй насан эцэслэж байна гэж хууль хууль санаачлагч танилцуулав.

Мөн Монгол Улсын иргэдийн дундаж наслалт эрэгтэй 66, эмэгтэй 75 байхад иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн нь олон жил хөдөлмөрлөж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр авч чадахгүй эсхүл цөөхөн жил тэтгэвэр авахдаа зээлээс зээлийн хооронд амьдарсаар насан эцэслэж байгаа нь энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай байна гэв.

Энэхүү хуулийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч иргэд банкнаас тэтгэврийн зээл авсан боловч төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол түүний тэтгэврийн зээлийг чөлөөлж, төрөөс чөлөөлсөн тэтгэврийн зээлийг банкинд олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа тул нийгмийн даатгалын газар болон банкуудад нэмэлт ажилтан шаардагдахгүй, нэмэлт үйл ажиллагаа явуулахгүй, нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн нас барсан зээлдэгч нийгмийн даатгалын шимтгзл төлсөн байдаг учир төрийн зүгээс үргүй зардалд тооцогдохгүй.

Хуулийн төсөл 5 заалттай бөгөөд өндөр насны тэтгэвэр авагч тэтгэврийн зээлд хамрагдаад түүнийгээ төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …