Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа.
–Хэдхэн хоногийн өмнө “Этгээд” УСК-оо нээсэнд баяр хүргэе. Киноны зураг авалт хэр удаан үргэлжлэв?
-Жүжигчин Г.Эрхэмбаярын хувьд бие дааж продюсерлосон анхны уран бүтээл. Киноныхоо гол дүрд тоглосон, анх Мөрөөдлийн театрыг байгуулж байсан шиг бүх зүйл шинэ мэдрэмжийг дахин мэдэрлээ. Найруулагч, зурагчнаар Баатар ажилласан. Хөрөнгө оруулалт, продюсерийг Мандах гэдэг найз маань хариуцсан. Бид гурвын хамтын уран бүтээл. Зураг авалтыг өнгөрсөн арваннэгээс нэгдүгээр сар хүртэл хийсэн. Цас орохыг хүлээж байгаад нэгдүгээр сард үлдсэн цөөн зургаа аваад кино бэлэн болсон.
–Киноны төлөвлөгөөт ажил хэзээнээс эхэлсэн бэ?
-Өнгөрсөн тав, зургадугаар сараас хоёр гурван уран бүтээл хийе гэж төлөвлөж байсан. “Этгээд” УСК-ны зохиолтой давхар, тайчдаг бүсгүйн тухай киноны ажилд орох гэж байсан юм. Тэр кино түр хугацаанд хойшлогдоод “Этгээд” УСК-ныхоо ажилд орсон.
–Тайчдаг эмэгтэйн тухай кино хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?
-Ирэх дөрөвдүгээр сараас тайчдаг эмэгтэйн тухай кинондоо ажиллана. Гол дүрд нь манай гэр бүлийн хүн Э.Намуунаа тоглоно. Өнгөрсөн долдугаар сараас хойш шон дээр бүжгийн бэлтгэлээ базааж байгаа, гол нь орлон тоглогчгүй. Тэр киног маань үзэгчид их хүлээж байх шиг байна.
–“Этгээд” УСК юу үзүүлэхийг, хэлэхийг зорьсон юм бол…
-Кино урлагийг бүх урлагийн нийлбэр гэдэг шүү дээ. Кино сонирхдог, судалдаг хүмүүс илүү сайн мэдээд байх шиг, уран бүтээлч хүний хувьд чанартай л юм хийчих юмсан гэсэн бодлоор өнгө, гэрэл тавилт, зураг, найруулга, дуу, жүжигчний тоглолт гээд бүгдийг нийлмэл байлгахыг зорьсон. Хүмүүс үзээд “Кайф” аваасай, шинэлэг юм үзүүлье гэж хичээсэн. Мөн энэ уран бүтээлээ олон улсын кино наадамд сойх гэж байгаа.
–Гурван гол дүрээр үзэгчдийг уйдаахгүй, сайхан уран бүтээл болжээ гэсэн үзэгчдийн сэтгэгдэл олон харагдсан. Энэ тухай?
-Хөгжим ч сонсож, уран зураг ч харж бүх юмны нийлбэр болохоор хүмүүс уйдахгүй байгаа юм. Хэрвээ дуу нь ямар сонин юм бэ гээд нэг бодчихвол онцгүй шүү дээ (инээв). Яасан хурдан дуусчихав аа гэж олон хүнээс сонсож байгаа.
–Мөрөөдлийн театрт ажиллаж байгаа юу?
-Театртаа ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жил тайзны уран бүтээлүүд зогслоо.
–Тайзаа санаж байна уу?
-Маш их санаж байна (инээв). Киноныхоо нээлтээр тайз дээр гартал чичрээд байсан.
–“Бүтэн амьдрал” ОАК-ны Зоригоогийн дүрээр үзэгчдийг уурлуулж, уйлуулж, үзэн ядуулсан. Тэр дүрийг бүтээхийн тулд удаан хугацаанд судалгаа хийсэн үү, нэг биш олон ангит кино шүү дээ?
-Тэгэлгүй яахав, олон ангит кино гэдэг бол жүжигчин хүнээс сэтгэл зүй, судалгаа, ур чадвар их шаарддаг. Яагаад гэвэл нэгдүгээр ангиас эхлээд 21 дүгээр анги дуустал тэр дүрээрээ амьдарна. Эрхэмбаяр биш Зоригоогоор олон сар амьдарсан. “Бүтэн амьдрал” ОАК маань ард түмэнд хүргэх гэсэн санаагаараа ч, ашиг орлогоороо ч, сенсациараа ч тэр олон ангит кинонууд дундаа хит болж чадсан. Ер нь би оногдсон дүрдээ амьдрахыг хичээдэг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу