Болгар улс дахь олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс анх удаа оролцлоо

Болгар Улсын Аялал жуулчлалын яамны ивээл дор 38 дахь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Хэвийн амьдрал руу эргэж очье!” уриан дор  хоёрдугаар дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Софи хотноо зохион байгуулагдлаа.

Нийт 20 улсын 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцсон уг үзэсгэлэнд Болгар Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам нь Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран анх удаа Монгол Улсыг сурталчлах үзүүлэнгийн талбайтайгаар оролцож, давхардсан тоогоор 11 мянга гаруй хүнийг хүлээн авч, Монголын орчин үеийн хөгжил дэвшил, түүх соёл, аялал жуулчлалын боломж, үндэсний урлаг, брэнд бүтээгдэхүүнийг сурталчлан танилцууллаа.

 Мөн  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МУИС-ийн дэргэдэх “Digital solution” гарааны бизнесийн компани, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Швейцарын хөгжлийн агентлаг нарын хамтран хэрэгжүүлсэн “Виртуал Монгол” төслийн хүрээнд боловсруулсан 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд болон түүхэн үзмэрүүдийг виртуал орчинд үзүүлэв.

Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсаас Болгар Улсад суугаа Элчин сайд Л.Саянаа Болгар Улсын Аялал жуулчлалын сайд Христо Продановтай уулзаж, хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагуудыг холбох, Болгар иргэдийг Монгол Улс руу, Монгол иргэдийг  Болгар улс руу чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Үзэсгэлэнгийн үеэр Болгарын 2 телевиз, 1 радио, 6 аялал жуулчлалын сэтгүүлийн төлөөлөгчидтэй Монголын тухай нэвтрүүлэг, нийтлэл бэлтгэн гаргахаар тохирч, 30 гаруй компани Монголын аялал жуулчлалын компанитай холбож өгөх хүсэлт тавьсаныг Софи дахь ЭСЯ-наас Аялал жуулчлалын хөгжлийн төвд уламжлав.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …