Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо болон нэг дэд хороо хуралдана. Үүнд:
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Хуралдаанаар:
- “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах Үндсэн чиглэл, Төв банкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг Монголбанкинд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороонд, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний статистикийн хороонд тус тус шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт
- Ажлын хэсэг байгуулах тухай асуудал
Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд болно. Хуралдаанаар:
- Иргэдээс Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдлийг шийдвэрлэхэд гишүүдийн ажиллах чиг үүргийн хуваарь
- Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааны жилийн тайлан /2012-2013 он/;
- Иргэдийн өргөдлийг шийдвэрлэсэн байдал, үр дүн;
- Хууль, тогтоолд иргэдээс ирүүлсэн саналын шинжтэй өргөдлийн танилцуулга
- Хуулийн биелэлтэд хяналт тавих талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн судалгааны танилцуулга.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд болно. Хуралдаанаар:
- Мөрдөх албаны тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөл оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нарын өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд болно. Хуралдаанаар:
- Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ. Хуралдаанаар:
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгаан, дулаан хангамж, хийн түлшний талаар авч хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж байгаа арга хэмжээний талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрчим хүчний яам, Нийслэлийн холбогдох албан тушаалтны мэдээлэл сонсох.