Монгол Ардын Нам 30-р Их хурлаараа дүрмэндээ шинэчлэл хийж авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон бол гишүүнчлэлээс түдгэлзүүлэх өөрчлөлтийг оруулсан билээ.
Намын дүрмийн шинэчлэлийг Улсын дээд шүүх 2022 оны 2-р сарын 9-нд баталгаажуулсан. Энэ хүрээнд хамгийн эхэнд Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүдээс тайлбар авч, дүрмийнхээ дагуу ажиллаж байна.
Дүрмийн өөрчлөлтөд зааснаар намын гишүүн нь илтэд ёс зүйн зөрчил гаргасан, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, авлигын гэмт хэрэгт холбогдсон бол түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан гаргана. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол намын удирдах байгууллагад ажиллахгүй, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар заасан.
Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо гуравдугаар сарын 23-ны өдөр хуралдаж Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Ч.Ундрам болон УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Ц.Гарамжав, Дэд сайд асан Ш.Лхамсүрэн нарыг хууль хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон тогтоол гаргасан юм.
Тодруулбал Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон 9 гишүүдийг өөрийн санаачлагаар 4-р сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгов.
Эдгээр намын гишүүдийг 4-р сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасах хүртэл арга хэмжээ авах юм.
Цаашид ч намын хүрээнд авлигатай тэмцэх дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлж, улс төр ашиглаж эрх мэдлээ урвуулан ашигладаг байдлыг үгүй болгох шинэчлэл тасралтгүй үргэлжилнэ гэж Монгол Ардын намаас мэдээллээ.