“Нарны цахилгаан станцын технологи ба ашиглах боломж” сэдэвт олон улсын семинар 2013 оны арванэгдүгээр сарын сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд боллоо.
ЭХЯ, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг, Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний төвөөс зохион байгуулсан энэ семинарыг Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Юлрих Геринжер нар товч үг хэлж нээлээ.
Тэд хэлсэн үгэндээ “Дэлхийн хэмжээнд хүнцэлийн хийтэй холбоотойгоор дулаарал явагдаж байгал орчны тэнцвэрт байдал алдагдаж байна. Иймд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн “Тогтвортой хөгжил бүх нийтэд” гэсэн уриалга гаргаж, 2030 он гэхэд дэлхий нийтийг орчин үеийн эрчим хүчинд холбож, хэрэглээг 2 дахин нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн тавьсан билээ. Монгол Улсад 128 мянган малчин өрх нарны эрчим хүчээр хангагдаад байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 900 мегаватт байна. Цаашдаа 2020 он гэхэд 1800 мегаватт болж өснө.
Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах Стратегийг 2010 онд баталсан. Энэ стратегийн баримт бичигт Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлж, биологийн төрөл зүйл, байгал орчныг хамгаалж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулахаар тусгагдсан. Ялангуяа байгаль орчинд ээлтэй найдвартай эрчим хүчний хэрэглээг бий болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгээс сэргээгдэх эрчим хүчний урт хугацааны төлөвлөлт хийхэд туслалцаа үзүүлэх юм. Энэ удаагийн семинараар нарны эрчим хүчний үйлдвэрлэлийг хэрхэн яаж нэмэгдүүлэх, ямар техник технологи ашиглах гэх мэт нэлээд өргөн хүрээтэй асуудлыг ярилцана” гэв.
Дараа нь ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Түмэнжаргал “Нарны цахилгаан станцын технологи ба ашиглах боломж” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Энэ семинарт төр, хувийн хэвшлийн төлөөллөөс гадна энэ чиглэлийн судалгаа шинжилгээ явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагын болон нарны зайн үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл оролцлоо.
Сүүлийн үед дэлхийд нарны эрчим хүчний технологийн үнэ буурсантай холбоотойгоор энэ төрлийн технологийн өртөг таван жилийн өмнөхөөсөө 80 орчим хувиар буурчээ.
Манай улсын хувьд дэлхийд II байрт орохоор нарны нөөцтэй юм. Иймд энэ чиглэлийн нарийвчилсан судалгааг явуулж, цаашид нарны цахилгаан станцыг усан цахилгаан станцтай хослуулан ашиглах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм байна. Нарны цахилгаан станц нь өртөг багатай тул 6-7 жилийн дотор хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж, цаашдаа үр ашгаа өгөх бүрэн боломжтой гэж судлаачид үзэж байна.