Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2022.04.20/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Засгийн газраас өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ удаагийн төсвийн тодотголтой хамт Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлд дараах асуудлыг зохицуулахаар тусгажээ.
· Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,
· Нийслэлийн Засаг дарга 2 хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга 1-ээс илүү орлогч даргатай байхыг хориглох,
· Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох,
· Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох,
· Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох зэрэг багц арга хэмжээ тусгагдсан байна.
Энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга 6, наадмын талбай 3, Соёлын төв 7, Спорт заал, цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө 1, орон нутгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгажээ.
Эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдах юм байна.
Төрийн хэмнэлтийн бодлогын үр дүнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих доорх арга хэмжээнд 2022 он дуустал зарцуулахаар тусгасан байна.
· Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 1 сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,
· Хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох,
· Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорь барихад зориулж 1 их наяд төгрөгийн 3 хувийн хөнгөлөлтэй зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох,
· Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор импортын гаалийн албан татвараас чөлөөлөх,
· Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээг багтаажээ.
Энэ удаагийн төсвийн тодотгол нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогын эхлэл гэж хууль санаачлагчид үзжээ.
Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч, жил бүр нэг дундаж аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний буюу 35 мянган иргэн шилжин ирж байгаа аж.
Иймд хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах цогц үе шаттай бодлогын арга хэмжээнээс энэ удаагийн төсвийн тодотголоор эхний ээлжинд дараах арга хэмжээг авахаар тусгажээ.
· Нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг явдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулах,
· 2 настай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдээ гэртээ асрахад нь дэмжлэг болгож хувьсах зардлыг олгох,
· Улсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж олгох,
· Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даах,
Түүнчлэн хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор тусгасан байна.