НД-ын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав

 Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

 Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр, С.Одонтуяа, Б.Жаргалмаа, Б.Бейсен нар 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, хариулт авав. Тэрбээр Н.Учрал нарын гишүүд болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувийн тэтгэвэр, тэтгэвэр тэтгэмжийн чиглэлийн хэд хэдэн хуулийн төсөл бий. Хуулийн төслүүдийг хамтатгаж хэлэлцэх үү, эсвэл Б.Пүрэвдорж нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн энэ хуулийн төслийг тусад нь хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулж байна уу гэдгийг тодрууллаа.

Асуултад хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслүүд өөр өөр зохицуулалттай учир тусад нь ажлын хэсгүүдээ байгуулж явж байгаад Засгийн газраас өргөн мэдүүлсэн багц хуультайгаа уялдах нь зөв байх гэсэн агуулгаар хариулт өглөө.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлсэн.
    Ингээд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг, бүрэлдэхүүнд Ц.Туваан Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, С.Ганбаатар нарыг батлав.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …