Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.04.26/ хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.

Хуулийн төсөлд төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх, иргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан ажлын тодорхой чиглэлээр төрийн албаны захиргааны удирдахаас бусад албан тушаалд 1 жил хүртэл хугацаагаар холбогдох гэрээгээр ажиллуулж болохоор болон үүнтэй холбоотой бусад асуудлыг тусгасан байна.

Түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллага, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу байгуулагдсан олон улсын бусад байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журмыг Засгийн газрын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөл батлахаар оруулсан байна. Байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болохоор, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглохоор, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болохоор,  төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлагын хугацааг тодорхой хэмжээгээр бууруулах зэрэг асуудлыг төсөлд тусгасан гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалтантай хэрхэн адилтган дүйцүүлэхээр тусгасныг тодруулж байсан.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг 11 аймаг, яам, агентлагуудад ажилласан. Олон жил яригдсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалтантай хэрхэн адилтган дүйцүүлж болох вэ гэсэн асуудлыг судалсан. 2800 албан хаагч удирдаж байсан их сургуулийн захирал төрийн захиргааны төв байгууллагад хэлтсийн даргаар ирэхэд хүндрэлтэй байна. Орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн эмч буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан төрийн захиргааны албан тушаалыг хашихад адилтгаж болдоггүй, шилжиж болдоггүй бэрхшээлүүд байна. Энэ харилцааг зохицуулахаар хуулийн төсөлд өөрчлөлтүүдийг тусгасан.

Түүнчлэн НҮБ болон олон улсын байгууллагын сонгон шалгаруулалтын босгыг даван үр дүнтэй ажиллаж байгаа олон хүн байдаг. Энэ иргэдийн ажилласан жилийг төрийн захиргааны зарим албан тушаалтай дүйцүүлэн тооцох зохицуулалтыг тусгасан гэсэн хариултыг өгсөн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …