УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.29/ нэгдсэн хуралдаан 14.16 цагт эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг хийлээ.
Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудтай холбогдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн эдийн засгийн үзүүлэлтэд тусгагдсан Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2022 онд “4,280.3 тэрбум төгрөг” гэснийг “4,296.3 тэрбум төгрөг” гэж өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжсэн гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Төсвийн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нэгдсэн хуралдааны олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган хууль, тогтоолын төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцлээ хэмээн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед нэгдсэн хуралдаан даргалагчаас чиглэл өгсөн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн саналуудаар нэг бүрчлэн санал хурааж, санал хураалтын дүнд үндэслэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг дэмжсэнээр төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй компаниас бусад этгээдийг тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглолоо. Мөн Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглов.
Түүнчлэн Төсвийн захирагч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллагаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болох юм байна.
“Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор цэцэрлэгийн хүртээмж багатай, төрийн өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжгүй байршилд төрийн бус өмчийн цэцэрлэг ажиллуулж, хамран сургах тойргийн хүүхдийг элсүүлсэн тохиолдолд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр хүүхдийн хоолны зардлын хамт санхүүжилт олгохоор боллоо.
Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган төсвийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцлээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлыг 425.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Гадаадын зээл, тусламжийн ашиглалтын зардлыг 16,400.2 сая төгрөгөөр бууруулах, улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад холбогдох өөрчлөлтийг хийснээр хөрөнгийн зардал 15,974.6 сая төгрөгөөр нэмэгдэхээр боллоо.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд дээрх өөрчлөлтүүдийг тусгаснаар зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлэхгүй байх хуулийн шаардлагыг хангасан болно хэмээн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцуулав.
Төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.
Нэгдсэн хуралдаан даргалагч хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Дараа нь УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, УИХ-ын хоёр тогтоолын төслийг эцэслэн баталлаа.