Эртний олдвор, түүх соёлын дурсгалаа алдчихаад “Чингисийн Монгол” гэх хоосон үгтэй л хоцрох уу

IMGS4192_zps81cbace6Үлэг гүрвэл Тиринозавр Батаарын ясыг АНУ-д дуудлага худалдаанд оруулж байгааг мэдчихээд дээр дооргүй хөл хөдөлгөөн болж гүйсний эцэст сая нэг юм эх орондоо авчирсан цаг саяхан. Гэвч мөнөөх алдарт Батаарын араг ясаа хэдхэн сар төв талбайдаа байршуулсны эцэст өвлийн улирал дөхөөд ирэхэд хадгалах газраа олж ядан салбар хариуцсан сайд нь хүртэл зарим нэгэн музейн эзэдтэй барилцаж авах дээрээ тулаад өнгөрлөө. Тэгвэл үүнээс гадна манай түүх соёлын үнэт дурсгал, эртний олдворууд харь оронд хэрхэн алдагдаж, хэн нэгэн хөрөнгө чинээтэй эрхмийн хувийн цуглуулгад ямархуу байдлаар хадгалагдаж байгааг хэлэхэд бэрх. Түүхийн музей, үзвэрийн газар, сүм хийдүүдээс эртний хийцтэй бурхад, ховор олдвор, бусад эд өлгийн зүйл их хэмжээгээр алдагдаж буй талаар үе үехэн хэвлэлээр мэдээлж, баахан баримт судалгаа харуулаад л өнгөрдөг нь хэвийн үзэгдэл мэт болж. Үнэндээ дэлхийн талыг эзэлж явсан их эзэн Чингисийн удамтай монголчууд бидний хувьд үлэг гүрвэлийн араг яс байтугай эртний түүх соёлын үнэт олдвор, ховор нандин эд зүйлсийн өлгий нутгаараа хэзээнээс бахархаж ирсэн улс. Гэтэл өнөөдөр бидэнд “Чингисийн Монгол” гэж хоосон онгирч, цээжээ дэлдэхээс өөр юм үлдээгүй гэмээр. Чухам энэ л асуудлыг хөндөж, худал ярианаас илүүтэй хийж бүтээхийн төлөө шамдаж буй МУГЖ, дуучин С.Жавхлан “Хамаг Монгол” төслөө хэрэгжүүлсэн гэдэг.

 Нэгэн үе нийтийн дууны ханхүү гэгдэж явсан авьяаслаг уран бүтээлч маань өдгөө эх оронч үзлээрээ нийгмийн дуу хоолой болж байгаа гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард эхлүүлсэн “Хамаг Монгол” төслөө амжилттай хэрэгжүүлсэн төдийгүй Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол зэрэг элэг нэгт ахан дүүсээ нэгэн зорилгын дор нэгтгэж чадсанаараа их үйлийг бүтээгээд байгаа. “Хамаг Монгол” төслөөр дамжуулан соёлын биет бус өвийг хайрлаж хамгаалах, үр хойчдоо өвлүүлж үлдээх талаар олон нийтэд уриалж явсан С.Жавхлан одоо уг төслийнхөө үргэлжлэл болох “Дэлхийн Монгол” төслөөрөө соёлын биет өвийг хамгаалах зорилгоор ажиллах гэж буйгаа дуулгалаа. Дуучин залуу өчигдөр өөрийн “Хөх нуруут” төвд зохион байгуулсан хэвлэлийн хурлынхаа үеэр “2013 онд бид биет бус өвийг дээдлэх зорилгоор Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол зэрэг орнуудтай соёлын харилцаан дээр тулгуурлаж ажиллалаа. Харин одоо 2014 оныг соёлын биет өвийг хайрлан хамгаалах жил болгон зарлаж байна. Үнэндээ та бидний “Хужаа” хэмээн шоглож хэлдэг Өвөрмонголд л гэхэд Чингисийн онгон тахилга бий. Халимагийн музейд манай улсын эртний алтан олдвор тусгай хамгаалалтын дор хадгалагдаж байна гээд бод доо. “Хамаг Монгол” төслийнхөө хүрээнд эдгээр дөрвөн оронд очиход тус бүрт нь манай түүх соёлтой холбоотой эд өлгийн зүйл, ховор нандин олдворууд байсан. Тэндхийн уран бүтээлчид ч гэсэн “Бидэнд ийм өчүүхэн хэсэг нь байгаа юм чинь манай Монгол түмний өлгий нутагт үзүүлж харуулах түүх соёлын дурсгалт зүйл их байдаг биз” гэж хэлэхээр нь ичсэндээ нүүрээ хийх газар олдоогүй. Бидэнд өнөөдөр “Чингисийн Монгол” гэж цээжээ дэлдэхээс өөрөөр “Түүх соёлын минь ховор дурсгал, эртний үйл явдлын хөдөлшгүй баримтууд энэ” гээд гадныханд үзүүлчих юм бараг алга” хэмээн ихэд харуусангуй өгүүлж суусан.

 IMGS41891210042222013-11-27-15-44[www.urlag.mn]

Үнэхээр ч өнөөдөр бид Чингис хааны төрсөн өдөр гэж архидан согтуурч, амарч зугаацахаас өөр юуг хийж бүтээсэн юм бэ гэж өөрсдөөсөө асуух цаг хэдийнэ болчихож. Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн түүхэн ой энэ жил тохиож байгаа гэхэд элдэв арга хэмжээ, шоу цэнгүүнээс өөр дуулдсан зүйл одоогоор бараг байхгүй. Түүхийн музей, үзвэрийн газруудаас эртний ховор олдворууд их бага хэмжээгээр алдагдсаар байгаа энэ үед хэдий болтол нүдэн балай, чихэн дүлий явах вэ. АНУ-ын дөрвөн иргэн Чингис хааны 200 гаруй үзмэрийг цуглуулсан тухайгаа дэлхий нийтэд зарласан гэхэд итгэмээргүй сонсогдож байгаа биз. Тэр ч байтугай тус улсад “Чингис хааны аяллын музей” байгуулагдсан төдийгүй жил бүр өөр, өөр оронд үзэсгэлэнгээ гаргадаг гэж байгаа. Манайхан өнөөдөр сүм хийд, түүхийн музей, үзвэрийн газруудаас түүхэнд алдартай хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан чухал зүйлс, хутагт хувилгаадаас өв дамжуулан үлдээсэн ховор бурхад, үнэт эдлэлүүд алдагдаж байгаа талаар баахан шуугиж улс төр, бизнесийн эрхмүүд хувийн үзмэрийн сан хөмрөгтөө энэ мэт зүйлсийг цуглуулах болсныг ил далдаар шүүмжлэхээс хэтрэхгүй яваа нь нууц биш. Харь орон руу ил далдаар гаргаж, бусдын гарт алдахын оронд энэ маягаар өөрийн эх орондоо байлгаж байгаа нь нэг талаараа авууштай зүйл мэт боловч нөгөө талаас нь авч үзвэл эмгэнэл гэлтэй. Улс орны түүх соёлын дахин давтагдашгүй үнэт дурсгал, эд өлгийн зүйл, ховор олдворууд зөвхөн хэн нэгний бие, сэтгэлээ “гоёх” хэрэгсэл төдий байна гэдэг юутай харуусмаар хэрэг вэ. Уг нь тэр бүхнийг улсын сан хөмрөгт бүртгэлжүүлэн, чухал шаардлагатай үед музейд байршуулан олон нийтэд дэлгэн харуулах ёстой баймаар.

Дэлхийд хамгийн анх удаа цаасан мөнгөн тэмдэгтийг Хубилай хааны үед хэвлэж байсан тухай гайхам сонин түүх манайд бий. Гэтэл уг мөнгөн тэмдэгтийг хэвлэж байсан “Мөнгөний бар” нь Япон улсын засгийн газрын сан хөмрөгт байдаг гэж байгаа. Хүннү гүрний үед монголчуудын эдэлж хэрэглэж байсан түүхийн 1000 гаруй ховор нандин олдвор Туркийн Стамбул хотын музейд хадгалагдаж байна. Энэ тухай баримтыг дэлгэж ярьсан “Дэлхийн Монгол” төслийнхөн “Түүх соёлын дурсгалт зүйлс, ховор олдворууд дайны үе болоод эдийн засгийн боломжгүй улс орноос алдагддаг гэсэн хоёрхон шалтгаантай. Гэтэл одоо манайх эдийн засгийн боломжгүй улс орны тоонд зүй ёсоор орчихоод байгаа нь үүгээр батлагдаж байгаа юм биш үү. Улс төрийн эрхмүүд уул уулхайгаас орж ирэх мөнгөөрөө улс орноо сайхан авч явах юм яриад байгаа. Тэгвэл түүх соёлынхоо үнэт олдворуудыг эрж хайх, судалж илрүүлэх ажилд яагаад санаа тавихгүй байгаа юм бэ. Дондогдулам хатны хэрэглэж байсан хөөргийг гэхэд л манайдаа л томоохонд тооцогддог нэг баян эрхмийн эхнэр “Нөхөр маань надад бэлэглэсэн” гээд гэртээ хадгалж байх жишээтэй. Энэ мэтчилэн хөрөнгө чинээтэй хүмүүсийн хувийн сонирхол, бие биедээ аархаж гайхуулах гэсэн аминчхан үзлээс болоод монголын түүх соёлын үнэт олдвор, ховор нандин бүтээлүүд хууль бусаар худалдаалагдах, харь орон руу алдагдах зэргээр улс орны минь “дархлаа” суларч байгаа юм биш үү. Өнөөдөр манайд соёлын биет өвийг хамгаалах зорилгоор ажилладаг гэх 300 гаруй төрийн бус байгууллага байдаг юм билээ. Тэр бүхэнтэй хамтран ажиллаж, үлэг гүрвэлийн араг ясыг эх орондоо авчирсан шигээ өөр бусад түүх соёлын дурсгалт эд зүйлсийг эрж хайх, энд авчирч чаддаггүй юмаа гэхэд судалж шалгахыг гэж хүсч байна. Ирэх жил бид АНУ-ын “Чингис хааны аяллын музей”-г эх орондоо урьж, хэдийгээр харь гүрний мэдэлд орчихоод байгаа ч гэлээ түүх соёлынхоо гайхамшгийг үр хойчдоо үзүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн хувь хүмүүсийн гарт буй түүх соёлын эд зүйлийг бүртгэлжүүлэн, хууль бусаар хил давуулсан ховор олдворуудыг олж илрүүлнэ” хэмээн мэдэгдсэн юм.

 Алдагдсан үзмэрүүдийн хэсгээс

uzmer1 uzmer2 uzmer3

 Хоосон уриа, худал амлалт, цаасан дээр мөнхөрсөн урт нэртэй хуулиуд өнөөдөр бидэнд юуг үлдээсэн юм бэ гэж үнэхээр нэг эргэж хармаар цаг болсон мэт. Улс орны тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг гэж цагаан захтнууд ам булаалдан бурж суухаас өөр “шид”-ийг үзүүлэхээ больсон энэ үед бид юугаар бахархаж, чухам ямар зүйлийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх гээд байгаа юм бол… Дэлхийд анх удаа цаасан мөнгөн тэмдэгтийг Хубилай хааны үед хэрэглэж байсан агуу түүхтэй монголчууд өнөөдөр тэрхүү зүйлийнхээ төлөө үхэн хатан тэмцэлдэж, үр хойчоо ч үл хайхран тэмүүлж буй гэхэд хилсдэхгүй биз. Энэ бүхний эцэст хэнд юу үлдэх, хэтдээ ямар үр дагавар авчрахыг бодох ч хүсэлгүй ХҮН-АРААТАН болчихсон ч юм шиг. Угтаа бол, улс орныхоо түүх соёлын биет болон биет бус өвийг хайрлан хамгаалж чадвал дэлхийн талыг эзэлж явсан их эзэн Чингисийн Монгол хэмээн бахархах бардамнал чухам тэнд л оршиж буй нь үнэн. Өөрийн гэх бүхнээ бусдад алдчихаад хоосон үгээр мянга гоёод ч яах билээ дээ. Магадгүй энэ мэт байдлаар улс орныхоо соёлын өвийг гадагш нь зөөсөөр байвал нэг л өдөр бусдын түүхэнд бичигдчихсэн, мартагдах дөхсөн Монгол болж мэдэх л юм. Чингис хааныхаа төрсөн өдрийг тохиолдуулан улс орон даяараа амарч цэнгэнэ гэж дээр доргүй хөл хөөрцөг болж байхдаа “Чингис хаан хэдэн онд төрсөн бэ. Хаан ширээнд хэдэн онд заларч, төр улсаа хэдий болтол захирч явсан бэ” гэх цөөхөн асуултад тэр чигээрээ бүдэрч байгаа дүр зураг цөөхөн хэдэн телевизээр харагдаад өнгөрнө лээ. Харахад инээдтэй ч юм шиг атлаа хачин их эмзэглэл төрүүлмээр дүр зураг… Зарим нь бүр хээвнэг “1928 онд төрсөн шүү, би мэднэ” гэж байхад өөр нэг нь “Оросын нутагт төрсөн шүү дээ, лав л буриад хүн гэнэ лээ” хэмээн мэдэмхийрч зогссон. Чингис хааныхаа төрсөн нутаг, түүхэн замнал, соёлын дурсгалт зүйлүүдийг одоо хэр нь мэдэхгүй яваа хэчнээн хүн байдаг юм бол, бүү мэд. Харин харь улсад болохоор “Чингис хаан манай энэ нутагт тэгж төрсөн” гэх өчүүхэн домог ч байхгүй атал хэдийнэ Чингисийн онгон тахилгатай болж, соёлын маань дурсгалт зүйлээр музей гаргаад сууж байгаа нь хэний буруу вэ. Хэн мэдэх вэ, хэзээ нэгэн цагт хэл соёлыг маань ч мэдэхгүй харийн иргэн Чингис хаан шиг хувцаслаад зээрэн шилбэтэй годгор хүүхнээ Бөртэ гээд сууж байвал гайхаад байх зүйл алга. Тэртээ тэргүй, дэлхийд нэр алдраа таниулж яваа Холливудын одод хүртэл өөрсдийгөө Монгол цустай гэж хэнэг ч үгүй зарлаж байхад энэ юу ч биш. Магадгүй тэд “Та нар тэгж их гайхуулаад байгаа юм бол түүх соёлынхоо дурсгалт зүйлсийг гаргаад ир л дээ” гэж тавлаж ч мэдэх юм. Энэ бол гашуун үнэн. Өнөөдөр хэдхэн халтар төгрөгийн төлөө үхэн хатан тэмцэлдэж, өнгөрсөн түүхээ “худалдаж” идэх яах вэ. Үр хойч маань хэтийн нэг өдөр өмнөө тавих юу ч үгүй, өөр бусдын өмнө хошуу дэвсэн бөхөлзөж, агуу түүхтэй өвөг дээдсийнхээ ясыг харин өндөлзүүлэх вий гэж болгоомжилно. Бид түүхээ хамгаалж байж л түүгээрээ гоёно, бас бардамнана. Өөр юугаар ч БИШ.

Р.Мөнгөн

www.zone.mn

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …