Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай “The Voice” шоуг “Монгол НD” телевиз гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Шоуны финалын шалгаруулалт /2022.05.29/өчигдөр болж үзэгчдийн нийт саналын дүнгээр шүүгч дасгалжуулагч Д.Отгонбаярын багийн шилдэг оролцогч Г.Даваадалай ялагчаар тодорлоо.
Үзэгчдийн саналаар ялагчийн төлөө хоёр оролцогч шалгаруулахад Э.Амгалан болон Г.Даваадалай нар тунаж үлдсэн юм. Тэд тус тусын шүүгч, дасгалжуулагчийн зохиосон уран бүтээлийг шоуны сүүлийн дуу болгон үзэгчдэд хүргэсэн. Ийнхүү дахин санал хураалт явуулж, үзэгчдийн саналаар Г.Даваадалай “The Voice of Mongolia” шоуны ялагчаар тодорсон юм.
Шүүгч дасгалжуулагч Д.Отгонбаярын багийн шилдэг оролцогч Г.Даваадалай ялагч болсноор MG RX 5 автомашин, уран бүтээлийн гэрээ байгуулах эрхийн эзэн боллоо.
Өмнөговь аймагт төрж, өссөн дуучин залуу Г.Даваадалай нь 2017 онд “Рояаль” академийг хүний нөөцийн мэргэжлээр төгсжээ. Сургуулиа төгсөөд Хятадын Hangzhou хотод хоёр жил суралцсан бөгөөд энэ хугацаанд тус улсад дууны тэмцээнд орж байжээ.