Энэ удаагийн ээлжит хуралдааны үеэр худалдаа, эдийн засаг, тээвэр, байгаль орчин болон газрын хэвлийн асуудлаарх ажлын хэсгүүд хуралдаж, хоёр орны худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн харилцааны талаар санал солилцож эрчим хүч, тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлов.
Түүнчлэн, Монгол-Оросын хамтарсан үйлдвэрүүд болох “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгох асуудалд талууд онцгой ач холбогдол өгч ярилцав.
Монголын тал дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр зам, авто зам, газрын тос болон байгалийн хийн хоолой, эрчим хүч, холбооны шугамыг барьж байгуулахад хамтран ажиллах саналыг Оросын талд тавилаа. Талууд ойрын хугацаанд төмөр замын дамжин өнгөрөх тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг сайд нарын түвшинд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцлоо. Мөн боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Түүнчлэн, хуралдааны үеэр эрчим хүчний хамтын ажиллагааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө /замын зураглал/-нд гарын үсэг зурж, Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк, Олон Улсын хөрөнгө оруулалтын банк хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Хуралдааны дүнгээр Талууд Протокол байгуулж гарын үсэг зурав.
ЗГХК-ын энэ удаагийн ээлжит хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва, Оросын талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар тэргүүлэв. Хуралдаанд Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Эдйин засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрах болон албаны бусад хүн оролцлоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.