Монгол Улсын Их Хурлын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр (2022.06.30) 13 цаг 30 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа даргалж, түр хорооны даргыг томилох тухай асуудлыг танилцуулав.
Тэрбээр, “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хороог байгуулах тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын даргад танилцуулж, Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг томилуулахаар санал хүргүүлсэн. Иймд Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдын нэрийг дэвшүүлэх санал оруулж байна гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх, нэрээ дэвшүүлэх гишүүн байгаагүй тул “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.
Хуралдаан даргалагч Ш.Адьшаа Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг уншиж танилцуулав, “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг үндэслэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонгосугай” гэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй ба хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв.
Ингээд Улсын Их Хурлын гишүүн, түр хорооны дарга Г.Ганболд гишүүдэд хандаж, Улсын Их Хурлаас гаргасан уг тогтоолын дагуу Хянан шалгах түр хороо нь нотлох баримт цуглуулах, хянан шалгах, шинжээч томилох, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд тайлагнах үүрэгтэй.
Иймд Улсын Их Хурлын чуулган завсарлах гэж байгаа тул Түр хороог хуралдуулж, хянан шалгах шинжээчдийг томилох асуудлыг нэн яаралтай хэлэлцэх зайлшгүй шаардлага байна гэв.
Түр хороо байгуулагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа санал хэлэв. Тэрбээр, Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 34.4-д “Улсын Их Хурлын гишүүний өмнөх, эсхүл одоогийн үйл ажиллагаа нь тусгай шалгах тухайн асуудалтай холбоотой бол уг гишүүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно” гэж заасан.
Түр хорооны бүрэлдэхүүнд харьяалагдсанаар шийдвэр гаргах үйл ажиллагаа, ялангуяа гааль, боомттой холбоотой асуудалд оролцохгүй гэдгийг мэдэгдье гэв.