УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.07.06/ нэгдсэн хуралдаанаар “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцуулсан.
Нийгмийн бодлогын байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг үндэслэн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд “Траст Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа нарыг эрх бүхий байгууллагуудаас Улсын Их Хуралд санал болгосон гэлээ.
Байнгын хороо Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123-126 дугаар зүйлийг баримтлан Нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.8 дахь хэсэгт заасны дагуу Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Д.Далхжавыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилсон. Хараат бус шинжээч нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичигтэй танилцаж, нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлага хийсний үр дүнд гаргасан дүгнэлтээ нэр дэвшигчийн сонсголын үеэр танилцуулсан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, олонхын саналаар нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх дүгнэлт, үндэслэлийг тусгасан тайлан гаргасныг Улсын Их Хурлын нийт гишүүд, нэр дэвшигч болон түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлжээ.
Нэр дэвшигчийн сонсголын тайланг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан бөгөөд сонсголын тайланд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Х.Буянжаргал, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Р.Сансармаа нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Б.Баярааг уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтийг тусгажээ.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд төлөөллөө Улсын Их Хуралд санал болгохдоо Үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын тогтолцоо, санхүү, эдийн засгийн нарийн тооцоо, судалгаанд үндэслэн мэргэжлийн шийдвэр гаргадгийг харгалзан нийт даатгуулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн даатгалын харилцаа, санхүү, эдийн засгийн асуудлаар мэргэшсэн, мэдлэг, ур чадвартай хүнийг дэвшүүлэхийг зөвлөсөн байна.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшсэн Рэнцэндоржийн Сансармаа, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшсэн Хуягийн Буянжаргал нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжиж, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшсэн Бархасын Баярааг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчдээс асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд орлцсон гишүүдийн олонхын саналаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Рэнцэндоржийн Сансармааг, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Хуягийн Буянжаргал, Бархасын Баяраа нарыг томилж, Хаянхярваагийн Амгаланбаатар, Төмөр-Очирын Батзул, Хуягийн Ганбаатар нарыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг баталлаа.