НЗДТГ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо /ММСАХ/ хамтран Улаанбаатар хотод буй хамгийн сайн тоноглолтой, спорт загварын автомашинуудын үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ. Мөн анх удаа наадмын нээлтэд зориулан эдгээр спорт машины цуваа нийслэлээр явж, наадамчин олны мэлмийг баясгасан юм.
Уг цувааг явуулсан зорилго нь Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дотоод болон гадаадын иргэдэд монголчууд дрифтийн спортоор хичээллэдэг болохыг таниулж, наадамчдад бас нэгэн сонирхолтой үйл явдал толилуулахад оршиж буй гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Цуваанд “Lamborghini”, “Bentley”, “Rolls-Royce” зэрэг брэндийн спорт загварын 40 гаруй автомашин оролцлоо.
Монгол Улсад дрифтийн спорт хөгжөөд 15 жил болж буй. Иргэдийн дунд спорт загварын машин дуу ихтэй, амгалан тайван байдал алдагдуулдаг гэсэн ойлголт байдаг. Тэгвэл ММСАХ-ны дотоод журмаар гишүүд нь оройн цагаар хотын төвөөр явах, ард иргэдийн тайван байдлыг алдагдуулах хориотой байдаг аж.
ММСАХ-ны ерөнхийлөгч, авто спортын мастер Б.Жигмэддорж:
-Жил бүрийн 4-10 дугаар сарын хооронд дрифтийн тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг. Дрифт хийхэд зориулсан тусгай зам, талбайтай болсон учраас тамирчид зөвхөн тус талбайд машинаа унаж, тэмцээн, уралдаанд бэлддэг. Энэ төрлийн спортыг сонирхдог залуус олон бий. Бидний зүгээс тэдэнд замын хөдөлгөөнд соёлтой оролцож, оройн цагаар иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахгүй байхыг зөвлөж, хүсдэг. Хотын удирдлагууд залуусын сонирхлыг ойлгож, бидний өнөөдрийн үйл ажиллагааг дэмжиж буй нь Улаанбаатар бол залуусын хот гэдгийн илрэл болж байна хэмээн нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийллээ.
“Drift Masters” клубийн тамирчин Б.Отгонбаяр:
-Би 2014 оноос хойш дрифтийн спортыг сонирхож эхлээд, мөн оны VIP тэмцээнд анх орж байсан. Найм дахь жилдээ тус спортоор хичээллэж байна. Амжилт гаргасан том тэмцээнүүдээс дурдвал, 2017, 2020 оны улсын аваргын тэмцээнээс медаль авч байсан. Энэ жил Хотын даргаас авто спортын дэд мастер цол тэмдэг хүртсэн. Дрифтийн спорт 2018 оноос дэлхийн томоохон улсуудад эрчимтэй хөгжиж байгаа, залуу спорт. Бид энэ спортыг хөгжүүлж, олон жил сурталчилж байна. Улаанбаатар хотын төвд дрифт хийж олны амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэсэн ташаа мэдээлэл их байдаг. Мэргэжлийн залуус Улаанбаатар хотын төвөөр дрифтээр хичээллэдэггүй. Шөнө оройн цагаар дрифт хийж, олны тайван байдлыг алдагдуулж байгаа залуучуудад хандаж хэлэхэд, Монголын мэргэжлийн спорт автомашины холбоотой нэгдвэл бид нээлттэй, дэмжиж тусална. Дрифтийн спортыг ойлгож, зөв талаас нь харвал гоё спорт гэдгийг хэлмээр байна. Бүгдээрээ сайхан наадаарай.
Тамирчин, спортын дэд мастер Г.Билэгсайхан:
-Би 2015 оноос эхэлж тус спортоор хичээллэж эхэлсэн. Зориулалтын замд явахаар машинаа тоноглосон байгаа. Эрхүү хотод зохион байгуулах “Drift Wars” бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байна. Хотын зүгээс биднийг дэмжиж байгаад маш их баярлаж байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.