Фото:Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд тангараг өргөлөө

Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслолын ажиллагаа болов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээр томилсон тухай Захирамжийг уншиж танилцуулав. Танилцуулгад, миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод тодорхой дөрвөн зорилтыг дэвшүүлж байсан.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүхэлдээ цар тахлын хүндрэлийг даван туулах зорилтын төлөө ажиллалаа. Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц төлөвлөгөө буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Засгийн газрын өөрчлөлтийг хийж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу дор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилж байна.

1. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Дашзэгвийн Амарбаясгаланг;

2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Жамъянхорлоогийн Сүхбаатарыг;

3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг;

4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатарыг;

5. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Сандагийн Бямбацогтыг;

6. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Жамбалын Ганбаатарыг;

7. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Даваажанцангийн Сарангэрэлийг;

8. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Хаянгаагийн Болорчулууныг;

9. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Ням-Осорын Учралыг;

10. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэнг.

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүн бүр тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авсан. Холбогдох журамд заасны дагуу дараа нь тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, энэхүү тангаргийн бичгээ Монгол Улсын Их Хурлын даргад гардуулсных нь дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа. Засгийн газрын гишүүд тангараг өргөсний дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

Тангараг өргөх ёслолын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд хандаж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол төрийн гүйцэтгэх засаглалын дээд байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, Төрийн сайдаар томилогдсон сайд нарт Монгол Улсын Их Хурал, түүний гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж, амжилт хүсэв. Улсын Их Хуралд сонгогдсоныхоо дараа Монгол Улсаа хөгжүүлэх, салбарын хөгжлийн бодлого, зорилтуудыг тодорхойлох үүрэгтэй Байнгын хороодын даргаар хоёр жил гаруй ажилласан хүмүүс дийлэнх нь байгаа. Тиймээс  яамны ажилтай танилцах, үйл ажиллагаатай нь дасан зохицох, дадлага туршлага хуримтлуулах тухай ойлголт байхгүй. Ажилдаа шууд орж, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, иргэд олон нийтийн хүсэн хүлээж байгаа үр дүнд богино хугацаанд хүргэнэ гэдэгт итгэж байна” гэв. 


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …