Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит 2022 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2002 оноос хойш 20 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал бөгөөд Монгол Улс АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход лаосын талын дэмжлэгийг авахад чухал ач холбогдолтой юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-тай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийг хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол, Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.