Монгол Улсад уул уурхайн салбар үүссэний 100 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж буй “Монголын уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.
Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд эрдэс баялаг, уул уурхайн салбарыг идэвхжүүлж гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаатай холбогдуулж Монголд анх удаа уг чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид салбарын бодлогын уулзалт, хөрөнгө оруулалтын чуулган, гүний уурхайн симпозиум, уул уурхайн техник, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын бага хурал зэрэг төрөл бүрийн арга хэмжээ долоо хоногийн турш болно.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэхдээ улс орны эдийн засагт голлох байр суурь эзэлдэг тус салбар нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67 хувь, экспортын орлогын 94 хувь, улсын төсвийн орлогын 23 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64 хувийг бүрдүүлж байгааг онцоллоо.
Мөн “Алсын хараа 2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг дунд, урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд төрийн оновчтой зохицуулалт, орон нутгийн засаг захиргааны зохистой оролцоо дутагдаж байна. Нэг ёсондоо төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталдаг байж болохгүй.
Иймд уул уурхайн салбарын эрх зүйн орчныг дэлхий нийтийн шинэ хандлага, ногоон хөгжил, хариуцлагатай, ил тод засаглалын шаардлагад нийцүүлж сайжруулах, орон нутгийн иргэд болон ирээдүй хойч үеийнхэн хүртэх хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш боломж, баялгийн шударга хуваарилалтыг бий болгоход анхаарна. Хариуцлагагүй, нөхөн сэргээлт хийдэггүй, дараа үеийнхнийг хохироох үйл ажиллагааг таслан зогсоож, байгальд үзүүлсэн сөрөг нөлөөллөө нөхөх сэргээх чадвартай, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжийг дэмждэг илүү дэвшилтэт бодлогыг баримтлах нь улс орны болон иргэдийн ашиг сонирхолд бүрэн нийцнэ.
Монгол Улсын Засгийн газар уул уурхайн салбарыг хөгжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байна. Эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэд бүтцийг бий болгох, экспортын боомт, гарцуудыг нэмэх, хүчин чадлыг сайжруулах үйл ажиллагаагаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд үргэлжлүүлэх болно” гэлээ.