Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 10-р сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн наадмын онцлох орноор Бүгд Найрамдах Солонгос Улс сонгогдсон ба зохион байгуулагчид Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2021-2022 онд бүтээгдсэн Солонгос, Франц, Герман, Турк, Швед, Финланд, Иран, Испани, Исланд, Итали, Польш, Румын, Швейцар болон Монголын 17 бүрэн хэмжээний уран сайхны киног үзүүлэхээр бэлтгэж байна.
Наадмын уламжлал ёсоор “Хангарьд” Монгол киноны уралдаан нь УБОУКН-ын “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг зохиол”, “Шилдэг продюсер”-ыг шалгаруулна. Шалгарсан бүтээлүүд наадмын албан ёсны Монгол кино хөтөлбөрт багтан үзэгчдэд хүрэх юм. “Үзэхийн хязгаар” хэсгийг Б.Сумхүү найруулагчийн “Хань” (1975) киног англи орчуулгатайгаар нээж, 79-р Венецийн олон улсын кино наадмын “Orizzonti” уралдаант хэсгээс “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг авсан П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киноны Монгол дахь нээлтээр үргэлжилнэ.
Кино үзвэрээс гадна наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Ирж яваа цаг” олон улсын кино форум, “Авдраа уудал” киноны туслах найруулагчийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 10-р сарын 20-21-ний өдрүүдэд Тэнгис кино театрт болох ба кино уран бүтээлчид, кино урлагийг сонирхогчид, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдана.