УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.10.31/ хуралдаж Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн мэдээллийг сонсож, хэлэлцжээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсөлд дурдсанчлан нийтдээ 1.3 сая хүүхдэд буюу тэдгээрийн 91 хувьд хүүхдийн мөнгийг хуучин хэвээр нь олгоно. Шаардагдах 1.4 их наяд төгрөгийг улсын төсөвт тусгасан.
Ажлын хэсэг энэ асуудлыг нухацтай ярилцсан. Хоёроос гурван хувилбараар хэлэлцээд Засгийн газраас өргөн барьсны дагуу явахыг олонхоороо дэмжсэн” гэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн асуудал төсөвт тусгагдаагүйд олон гишүүн сэтгэл дундуур байгаа. Тиймээс ирэх оны төсөвт нийслэлийн гэр хорооллын шөнийн тарифын асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж тодорхой хөрөнгийг тусгахаар тогтсон.
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотойгоор улсын хэмжээнд 30 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдсан. Харин нийслэлийн хэмжээнд бол 18.7 тэрбум төгрөг болно. Үүнийг нарийвчлан судлаад асуудлыг зарлага бууруулах чиглэлээр шийдэхээр болсон” гэж мэдэгдсэн юм.