Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.02/ боллоо. Хуралдаанаар 21 асуудлыг хэлэлцсэн юм. Ялангуяа Төрийн хэмнэлтийн хуультай холбоотой асуудлыг чухалчлан авч үзсэн байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд идэвхтэй ажиллалаа.
Улмаар “Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, дүрмийг баталлаа.
“Засгийн газрын авто бааз” нь 164 тээврийн хэрэгсэлтэй, 210 орчим ажилтан, албан хаагчтай. Жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг.
Тэгвэл Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу өөрчлөлт хийж, 100 авто машинтай, 105 ажилтан албан хаагчтай, аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулдаг, төсвөөс санхүүждэггүй байгууллага болголоо.
“Засгийн газрын авто бааз” нь Улаанбаатар хотын түвшинд авто машины дуудлагын үйлчилгээгээр үйлчилнэ. Харин орон нутгийн түвшинд Засгийн газрын томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллахаар шинэчлэн байгуулагдаж байгаа.
Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан албан хэрэгцээндээ автомашин хэрэглэхийг хориглосон шийдвэр өмнө нь гарсан. Тэгвэл Засгийн газар 2023 оны төсвөөс эдгээр автомашин болон бусад урсгал зардалд тусгагддаг байсан мөнгийг хассан.
Автомашин унах зайлшгүй шаардлага гарсан албан тушаалтанд Төрийн авто бааз болон хувийн хэвшлийн такси дуудлагын үйлчилгээ авах боломжийг нээж өгнө.
Нэг албан тушаалтан сардаа автомашинтай холбоотой зардалд хоёр сая орчим төгрөг зарцуулдаг байсан. Энэ зардал 100-200 мянга болон буурч байна. Ингэснээр энэ чиглэлээр төсвөөс гарах зардлыг 90 орчим хувь хэмнэнэ гэж үзэж байгаа.
Төрийн хэмнэлтийн хуультай холбоотойгоор өнөөдрийн байдлаар 250 орчим автомашиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хураан төвлөрүүлсэн. Ойрын хугацаанд дахин 250-ийг нэмж нийт 509 автомашин болгоно.
Эдгээрийг автомашин зайлшгүй хэрэглэх шаардлагатай төрийн байгууллагуудад тараах юм.
Техникийн шаардлага хангахгүй, хуучирсан 23 автомашиныг дуудлага худалдаанд оруулж, 370 орчим сая төгрөгийг цуглуулсан.
Мөн орон нутгийн өмчит байгууллагуудаас ойрын хугацаанд 1000 орчим автомашиныг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.
Машинуудыг төвлөрүүлж, зохих үзлэг оношлогоог хийсний дараа автомашин нэн шаардлагатай газрууд руу шилжүүлнэ. Энэ ажлыг орон нутагт нь зохион байгуулахаар зорьж ажиллаж байна” гэж мэдэгдлээ.