ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ЦХХХЯ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Дэд сайд Б.Болор-Эрдэнэтэй холбоотой асуудал өнгөрсөн баасан гаригаас хойш яригдаж байна. УИХ-ын зарим гишүүд залуу сайдтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсээр байгаа.
Бидний зүгээс урьдчилсан байдлаар ямарваа нэгэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байна хэмээн харж байна. Нэг жилийн өмнөх бичлэгийг нийтэд дэлгэж, орчуулгыг нь тодорхой хэмжээнд гуйвуулсан байгаа нь ийн хардах шалтгаан боллоо.
Дэд сайд Б.Болор-Эрдэнээс албан ёсны тайлбар аваагүй. Цаашид хэрхэхийг Засгийн газрын хурлаар шийднэ.
Сайдыг томилох, огцруулах шийдвэрийг Ерөнхий сайд дангаараа гаргадаг. Харин дэд сайд, бусад албан тушаалтантай холбоотой асуудлыг Засгийн газрын хурлаар шийддэг.
Улс төрийн удирдах албан тушаал хашиж байгаа хүн ёс зүйтэй, хариуцлагатай байж, хүний эрхийг дээдлэн, Үндсэн хуулийн зарчмыг зөрчихгүйгээр ажилладаг байх ёстой. Үүнийг бодолцож Засгийн газар шийдвэр гаргана”гэлээ.