Г.Тэмүүлэн: Иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирдаг санхүүгийн бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс даатгалын баталгааг зах зээлд нэвтрүүлнэ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар өчигдөр (2022.11.17) Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын даргад өргөн барьсан билээ.

Хуулийн төслүүдийн талаар өнөөдөр (2022.11.18) олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Монголын санхүүгийн зах зээлийг эрүүл болгох, иргэд, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхний нуруун дээр ирдэг ачаа дарамтыг бууруулах үүднээс жил гаруй хугацаанд судалсны үндсэн дээр дээрх хуулийн төслүүдийг өргөн барьсан гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Хууль санаачлагчид өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар санхүүгийн зах зээл дээр санхүүгийн баталгааг зөвхөн банк эсвэл Засгийн газрын үнэт цаас гэж  зөвшөөрч байгаа нь учир дутагдалтай гэж үзжээ.

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Ипотекийн зээлд хамрагдах, урьдчилгаа төлбөр дутаж буй иргэд, айл өрхүүдэд банкны 30 хувийн урьдчилгаа төлбөр асар их дарамт ачаалал болж байна. Түүнчлэн ААН, хувийн хэвшлийнхэн тендерийн барьцаа баталгааны дарамтад орж байна. Өөрийн гэх бүх хөрөнгөө банкны барьцаанд тавих, хуулийн хугацаанд мөнгө болон барьцаа хөрөнгө байршуулдаг. Өөрөөр хэлбэр ажил гүйцэтгэгч компаниуд ажил, үйлчилгээнийхээ 5 хувьтай тэнцэх мөнгийг банканд 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байна. Хувийн хэвшлийнхэн болон аж ахуйн нэгжүүд сүүлийн 5 жилд 2.3 их наяд төгрөгийг банканд баталгаа болгон байршуулжээ. Асуудлыг шийдвэрлэх үүднээс Даатгалын тухай хууль болон Тендерийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулна. Иргэд ААН, хувийн хэвшилд учирч буй санхүүгийн саад бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс даатгалын баталгааг зах зээлд нэвтрүүлнэ” гэлээ.

Даатгалын баталгаа олон улсад түгээмэл хэрэглэгддэг. Манай улсад энэ төрлийн баталгаа хөгжөөгүйгээс өнөөдрийг хүртэл зөвхөн банкны баталгаагаар тендер, худалдан авах ажиллагаа явагдсаар ирсэн. Тиймээс даатгалын салбарыг хөгжүүлэх, санхүүгийн зах зээлийг олон тулгууртай болгох үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан хэмээн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар мэдээллийнхээ үеэр дурдлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалаар, даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болох, ААН, хувийн хэвшлийн зээлийн баталгаа, барьцаа хөрөнгө хангалтгүй гэх нийтлэг бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой болох, санхүүгийн зах зээл, эдийн засаг эрүүлжих, эерэг үр дагаврыг бий болгох олон давуу талууд бий болох аж.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хуулийн төсөл батлагдсанаар манай улсын санхүүгийн зах зээл зөв тогтолцоо руу орох, иргэд ААН-үүдэд ирэх ачаа дарамтыг бууруулах боломжийг бүрдүүлнэ. Бид энэ ондоо багтааж дээрх хуулийн төслийг батлуулах болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …