Шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл, боломжийг нэмэгдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Төрийн ордны Эзэн Чингис хааны танхимд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.


Өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотоос орон нутагт суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай асуудлыг мөн хэлэлцлээ.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж, батлуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болголоо.
Мөн аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжсэн зорилтыг нэмж тодотгон батлуулах, шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих чиглэлээр Ажлын хэсэг байгуулж, төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын тодорхой хувийг батлагдсан төсөвтөө багтан санхүүжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагчдад зориулсан “Шилжилт хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл, удирдлага, зохицуулалтын цахим платформ”-ыг бий болгох арга зүй, нэгдсэн удирдлагаар хангахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад, цахим платформ үүсгэх арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад, орон нутгийн ажлын байрны нэгдсэн мэдээллийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн e-job системд бүртгэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад, холбогдох мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад тус тус даалгалаа.
Засгийн газар орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх, орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж буй.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь улсын төсвөөс татаас авч байна. Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжиж ажиллах юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …