Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбат нь албан үүргээ гүйцэтгэж явахад нь буудан амь насыг нь хөнөөсөн хэрэг өчигдөр гарчээ.
Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Б.Эрдэнэсүхээс хүүхдийн тэтгэлэг болон 88 толгой малыг Д.Отгонзаяад олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Аваасүрэн шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатын хамтаар өчигдөр Сүхбаатар аймгийн Баруун урт хотоос 80 километрийн зайд байрлах Мөнххаан сумын нутаг Тэрэм гэх газарт оршин суугч Б.Эрдэнэсүхийн гэр рүү нь очиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.
Энэ үед Б.Эрдэнэсүх нь шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатыг буудаж амь насыг нь хохироогоод тухайн үед хамт явсан төлбөр авагч талын таван хүн дээр очин иргэн н.Батсайханыг газар дээр нь буудан амь насыг нь хохироож, мөн иргэн н.Батсүхийн мөрөн тус газарт нь буудан шархдуулаад морь унан хэргийн газраас оргон зугатсан байна. Мөн хамт явсан гэх таван хүний гурван иргэн нь одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж.
Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хамтарсан эрлийн баг сэжигтнийг эрэн сурвалжилж, алга болоод байгаа гурван хүнийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна.
эх сурвалж: ньюс.мн