Т.Цэрэнбадрал: Комплайнс байгууллагын соёл дээр тогтдог

Байгууллага бүрийн дотооддоо мөрдөж буй бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам, үйл ажиллагааны горим болон практик дадал зэрэгт тавигддаг шаардлагуудыг бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн нийгмийн үнэт зүйлстэй уялдан зохицуулах засаглалын нэг хэрэгсэл бол комплайнс билээ. Манай орны хувьд аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаагаа сайжруулах үүднээс нийгмийн хариуцлага, хүний нөөц, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт зэрэг засаглалын олон хэрэгслийг нэвтрүүлж эхлээд удаагүй буюу комплайнс хэмээх тогтолцоо хөгжлийн эхэн үедээ байна. Харин хөгжингүй орнуудын хувьд энэхүү тогтолцооны олон хэлбэр бизнесийн бүх салбарт хэдийнэ хэвшжээ. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадралтай ярилцлаа.


-Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршоо зэрэг зохицуулалтын салбаруудынхаа хөгжлийг хангах чиглэлд хэрхэн ажиллаж байна. Мөн санхүүгийн зах зээлд хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихаас гадна хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж, эцсийн дүндээ санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн байгууллага юм. Санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжлийг хангахад харилцан уялдаатай, уян хатан, оновчтой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх явдал хамгаас чухал билээ. Иймээс зохицуулагч байгууллагын хувьд алсыг харсан, олон улсын жишиг, сайн туршлага болон үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн, судалгаа шинжилгээнд тулгуурласан хөгжлийн бодлогыг тодорхойлж, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах зарчмаар ажиллаж байна. Харин зохицуулалт, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын 27 хууль, тэдгээрт нийцүүлсэн 119 дүрэм, журам, заавар, аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж, зохицуулалтад хамрагдах 6000 гаруй иргэн, хуулийн этгээдийн санхүү, төлбөрийн чадвар, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтэд зайнаас болон газар дээрх хяналт шалгалтыг хийж ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хууль тогтоомжууд сайн хэрэгжиж байгаа. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, холбогдох эрх, тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хууль, журмаа биелүүлж, хэрэгжүүлж чадаж байна. Гэхдээ тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх авалгүйгээр өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт, хяналтад хамрагдаагүй аж ахуйн нэгж, хуулийн этгээд санхүүгийн зарим бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгох явдал мэр сэр гарч байна. Энэ тохиолдолд иргэдэд тодорхой хэмжээний эрсдэл үүсдэг тул бид нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс иргэд, олон нийтийг сэрэмжлүүлэх ажлыг тогтмол явуулж байна.

-Комплайнсийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Товчхоноор хэлбэл, байгууллагын бүхий л үйл ажиллагаа нь хууль тогтоомж болон дотооддоо мөрдөж буй дүрэм, журам, бодлого, төлөвлөгөө, стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих явц бөгөөд засаглалын нэг хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл комплайнсыг амьдралд нутагшуулах гэдэгт тухайн байгууллагыг төлөөлж буй ажилтан өөрийн тодорхой үйл ажиллагаагаа комплайнсын стандартуудад захирагдан үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх гэж ойлгож болно. Манай орны хувьд аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаагаа сайжруулах үүднээс сайн засаглал, нийгмийн хариуцлага, хүний нөөцийн болон эрсдэлийн удирдлага, дотоод хяналт зэрэг засаглалын олон хэрэгслийг нэвтрүүлж эхлээд удаагүй бөгөөд комплайнс хэмээх тогтолцоо хөгжлийн эхэн үедээ явна. Харин хөгжингүй орнуудын хувьд энэхүү тогтолцооны олон хэлбэр бизнесийн бүх салбарт  нэгэнт хэвшээд эхэлчихсэн. Комплайнсыг хэрэгжүүлнэ гэдэгт эрх зүйн хэм хэмжээ ба байгууллагын дотоод комплайнс хяналтын стандартуудыг мөрдөх үйл явц, хууль бус үйлдэл, ёс зүйн зөрчлүүдийг зохих хяналтын бүтцэд мэдэгдэх бие даасан, байнгын ажиллагаатай удирдлагын тогтолцоо гэж ойлгож болно. Комплайнсын эрсдэл гэвэл нэгд, үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс хуулийн хариуцлага хүлээх, хоёрт, албан тушаалаа урвуулан ашиглах, авлига, мэргэжлийн бус үйлдэл, бизнесийн нэр хүнд унах, санхүүгийн чадамжгүй болох зэрэг юм.

Комплайнсыг ач холбогдолгүй гэж үзээд цаг хугацаа, хөрөнгө оруулах сонирхолгүй байсан бол сүүлийн жилүүдэд комплайнсыг үр дүнтэй хэрэгжүүлснээр байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлдгийг амьдрал дээр харуулсаар байна. Энэ нь үйлчлүүлэгчдийн эерэг хандлага, зан төлөв, хөрөнгө оруулагчдын сонирхол, хувьцаа эзэмшигчдийн компанид итгэх итгэл, нийгмийн хандлага зэрэг олон зүйлээр илэрдэг. Тухайлбал, олон улсын хөрөнгийн зах зээлд үнэт цаасаа санал болгож буй компанийн хувьд өөрийн үр дүнтэй комплайнс тогтолцоотой байх нь тухайн орны зохицуулагч байгууллага болон мэргэжлийн институционал хөрөнгө оруулагчдын зүгээс нааштай эерэг үнэлгээ өгөх суурь болдог. Мөн комплайнсын хяналтын сайн гүйцэтгэл нь хөрөнгө оруулах сонирхол, санхүүгийн болоод үйл ажиллагааны найдвартай байдлын түвшинг дээшлүүлдэг тул АНУ, ИБУИВУ зэрэг орны хууль, эрхзүйн орчин нь гадаадын компани өөртөө үр дүн бүхий комплайнсын нэгжтэй байхыг чухалчлан шаарддаг. Харин манай улсын хувьд одоогоор Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай этгээд болох банк бус санхүүгийн байгууллага, даатгагч, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага зэрэг этгээдүүд комплайнсын хяналтыг эхний ээлжинд нэвтрүүлэх зорилтот бүлгүүд болоод байна. Нөгөө талаас байгууллагын хэлбэр, хэмжээ, үйл ажиллагааны онцлогоос үл хамааран комплайнсын хяналтыг нэвтрүүлэх шаардлага үүсээд байна. Учир нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх болон авлигын эсрэг эрх зүйн орчин болон комплайнсын стандартуудыг зах зээлд оролцогч бүх тал мөрдөх үүрэгтэй. Байгууллагын хийж буй хэлцэл бүрийг комплайнсын хяналтаар шалгаж болох энэ тогтолцоо нь удаан хугацаанд амжилттай явах итгэл, найдварыг бизнес эрхлэгчдэд бий болгодог. Комплайнсын хяналтын чиг үүргийн үндсэн зарчим бол санхүүгийн болоод нөөцийн хараат бус байдал мөн ТУЗ болон түүний хороодтой шууд харьцах эрх юм.

Комплайнсын ажилтан дээд удирдлагатайгаа шууд харилцаж, бизнесийн шийдвэр гаргахад нь зөвлөх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гаднын зөвлөхөөс ялгаатай нь хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргахын зэрэгцээ бизнесийн зорилгодоо хүрэх шийдлийг эрэлхийлэгч болдог. Иймд комплайнсын хяналтыг үр дүнтэй нэвтрүүлэх нь бизнест тухайн зах зээлд нэвтрэх, үйл ажиллагааны хамрах хүрээ, нөлөөг өргөжүүлэх, дотоод болон гадаад эрсдэлээ бууруулах зэргээр илэрдэг. Харин тухайн байгууллагын хувьд байгууллага өөрийгөө хянах үйл явцад бүх ажилтнаа хамруулах явдал гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь энгийн ажилтнаас эхлээд удирдлагын түвшинд энэхүү соёлыг төлөвшүүлэх нь чухал юм.

-Бизнес эрхлэгчдэд комплайнсыг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Гадаадын орнуудын туршлагаас харахад, үр дүнтэй комплайнс байгууллагын амжилтыг баталгаажуулдаг төдийгүй дотоод, гадаад эрсдэлийг бууруулдаг. Тухайлбал, бизнес эрхлэгчдийн хувьд зохицуулагч байгууллагаас өндөр хэмжээний торгууль, шийтгэл ногдуулах, төлбөрийн чадваргүй болох, санхүүгийн алдагдалд орохоос сэргийлж чадаж байна. Энэ бол бизнесийн байгууллагуудын комплайнсын эрсдэлийн удирдлагын ач холбогдол юм.

-Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо салбарын байгууллагууддаа комплайнсыг төлөвшүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуултын хамрах хүрээ жилээс жилд өргөжиж, зохицуулалттай этгээдийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт зохицуулалттай этгээдийн тоог 2013 оны мөн үетэй харьцуулахад 7 дахин өссөн. Одоогоор 3,668 зохицуулалттай этгээд, 2,426 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавин ажиллаж байна.  Мөн банкны салбарын реформын хүрээнд томоохон банкууд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад орж, олон нийтийн компани болох ажил ид явагдаж байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасны дагуу ирэх оноос барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зарим хуулийн этгээдийг бүртгэж, хяналт тавина. Ийм учраас бид салбарын байгууллагууддаа комплайнсын соёлыг төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хороо Компанийн засаглал, комплайнсын хэлтсийг 2020 онд шинээр байгуулж компанийн засаглал, комплайнсыг хөгжүүлэх хууль тогтоомж, заавар журмыг боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны дүрэм, журам, заавар, дагаж мөрдөх шалгуур үзүүлэлт, стандартыг тогтоох, сургалт зохион байгуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлсний зэрэгцээ энэ оны гуравдугаар сард “Компанийн засаглалын кодекс”-ийг шинэчлэн баталлаа. Шинэ кодексоор компани нь комплайнсын хяналтын заавар болон бүтэцтэй байж, комплайнсын хяналтын хэрэгжилтийн үр дүн, хараат бус байдалд төлөөлөн удирдах зөвлөл хяналт тавихыг үүрэгжүүлж өгсөн. Мөн комплайнсын хяналтын зааврын загварыг баталж кодексийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах нөгөө талаас зохицуулалтын салбаруудад комплайнсын эрсдэлийн удирдлагыг нутагшуулахад түлхүү анхаарч байна. Учир нь ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх зөвлөмжид урьдчилан сэргийлэх арга хэмжээ чухал байр суурь эзэлдэг. Ийм ч учраас  бид сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг мэдээллийн бүхий л сувгийг ашиглан зохион байгуулж байна. Мөн комплайнс буюу хууль тогтоомж болон бизнесийн ёс зүй, мэргэжлийн харилцааны хэм хэмжээний стандартын нийцлийг таниулах, мөрдүүлэх, цаашлаад санхүүгийн салбарыг ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтад бэлтгэх, одоогийн үнэлгээгээ ахиулах зорилгоор компанийн удирдлага, ажилтнуудад комплайнсын анхан болон ахисан шатны гэрчилгээ олгож, мэргэшүүлэх хөтөлбөрт сургалтыг ойрын хугацаанд зохион байгуулна. Учир нь компанийн удирдлага, ажилтнууд комплайнсын талаар бүрэн мэдээлэл, мэдлэгтэй байх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, зогсоох зэргээр комплайнсын эрсдэлээ удирдахад чухал ач холбогдолтой. Ингэснээр зохицуулалтын салбаруудад ч комплайнсын эрсдэлийн удирдлага төлөвших боломж бүрдэх юм.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …