Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын уулзалт зөвлөгөөнд оролцлоо.
Тэрбээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг 2023 онд хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг, даалгавар өгч, улс, орон нутгийн цаг үеийн бусад асуудлыг танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг 2022 онд дөрвөн хувь болж сэргэсэн. 2022 оны Монгол Улсын төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгөөр сайжирсан.
Цар тахлын оргил үед 14.5 хувиар тасарч байсан улсын төсвийн орлого 106 хувийн гүйцэтгэлтэй гарсан.
Экспортын дүнгийн хувьд урьд өмнө нь хүрч байгаагүй буюу 12.5 тэрбум ам.долларын экспорт хийсэн. Монгол Улсын валютын нөөц 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 2.8 тэрбум ам.доллар болж буураад байсан бол “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 500 сая ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болж, валютын ханш тогтворжоод байна.
Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс гарч, чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж, Монгол Улс “Чингис” бондын нийт хоёр тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, ирэх онд “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлж барагдуулах боломжтой болоод байна.” гэв.