Г. Занданшатар:Kойн, токен гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлсэн ААН-үүдийн хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад ажиллаж байна.

Өчигдөр (2022.01.31) Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, удирдлагын багийнхантай уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 2005 онд батлагдсан. Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн чиг хандлагад дүгнэлт хийх замаар салбарын загварыг эргэн харах, орчин үеийн шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг шинэчлэн боловсруулж сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн” гэдгийг онцлон тэмдэглэв.

Тухайлбал, токен, койн гэх нэршлээр илүүтэй танигдах болсон виртуал хөрөнгийн зах зээл, түүний оролцогч талууд, бүтээгдэхүүний талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг олон нийтэд зөв зүйтэйгээр түгээх, таниулах замаар гарч болзошгүй эрсдэлээс оролцогч талууд, иргэдийг хамгаалах шаардлага үүсээд буйг анхааруулсан юм.

Мөн “Салбарын зохицуулагч байгууллагынхаа хувьд төрийн хянан шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтарч ажлын хэсэг байгуулан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа болон үйл ажиллагаагаа зогсоосон этгээдүүдийн мэдээлэл, койн, токены тоо ширхэг, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллүүдийг судалж, нэгтгэн тогтоох хэрэгтэй.

Цаашлаад койн, токен гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлсэн аж ахуйн нэгжүүд, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлж, холбогдох бүхий л байгууллагуудтай хамтарч мэргэжилтэн шинжээч нарыг шуурхай ажиллуулах хэрэгтэй байна.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтийг харгалзан гэмт хэргийн шинж чанартайг нь цаашид хууль хяналтын байгууллагад шилжүүлэх шаардлагатай” гэлээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны удирдах ажилтнуудаас банк бус санхүүгийн байгууллагатай эзэмшлийн холбоо хамаарал бий эсэх талаарх бүртгэлийг гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах, виртуал хөрөнгийн зах зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийх, стратегийн орд газруудын 10 хүртэлх хувийг иргэдэд эзэмжшүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хэрхэн ажиллаж байгаа тайлан мэдээллээ ирүүлэх зэрэг хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Санал болгох мэдээ

Багшийн нийгмийн баталгааг сайжруулж, ажилласан хугацаанаас нь хамааруулан нэмэгдэл тэтгэмж олгохоор хуульд заасан

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монгол Улсын багш …