Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ.
Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ.
Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтаар хангагдах юм.
Тус агентлаг нь 30 орон тоотой, таван хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулна.