Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Чан Син Жүн, тус нийгэмлэгийн Ирээдүйн бизнес (инновац) хөгжүүлэх хэлтсийн дарга Чон Хэ Ен тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр (2023.02.02) хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад сүрьеэ болон халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төсөл болон Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр, мөн Монгол Улсад сүрьеэгийн халдварын оношилгооны чадавхийг сайжруулах, бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал солилцов.
Монгол Улсад сүрьеэгийн халдварын оношилгооны чадавхийг сайжруулах, бэхжүүлэх төслийн хүрээнд Монгол Улсад “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв” байгуулж, үйл ажиллагаа явуулахаар яригдаж буй бөгөөд тус сургалтын төвийг БНСУ-ын сүрьеэ, ковид зэрэг халдварт өвчнийг илрүүлэх, эмчлэх тэргүүлэх туршлага, технологид суурилан, Азийн хөгжиж буй орнуудын сүрьеэ болон халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор байгуулах юм байна.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн дарга Ж.Чинбүрэн “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв” байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, тус төслийг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Баянзүрх дүүрэгт баригдах сүрьеэгийн шинэ эмнэлгийн үйл ажиллагаатай уялдуулах талаар байр сууриа илэрхийлэв.
Мөн Монгол Улсад сүрьеэтэй тэмцэх эмч нарыг бэлтгэх, сүрьеэг илрүүлэх, тэмцэхэд үр дүн гаргах төслүүдийг хэрэгжүүлэх тал дээр Монгол Улсын холбогдох байгууллагууд хамтарч ажиллах талаар байр сууриа илэрхийллээ.
Уулзалтын үеэр мөн сүрьеэгийн тархалтыг илрүүлэх хиймэл оюун ухаан болон мобайл технологид суурилсан төслийг “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр талууд санал солилцов.