Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.03.01/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийн либералчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, Чингис хаан нисэх онгоцны буудлыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгох зорилт тусгагдсан байдаг.
Мөн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж аялал, жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгаа уул, уурхайгаас хараат бус болгож солонгоруулах зорилт тавьсан.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх зорилтын хүрээнд бодлогын хувьд томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, 2021 онд 30 гаруй улс руу нислэгтэй байсан бол 2023 онд 50 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг бий болголоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-д хийсэн айлчлалын үр дүн гарч нислэгийн тоо, багтаамжийг нэмэгдүүллээ.
Тодруулбал, БНСУ-руу 7 хоногт 44 удаа байсан бол 80 хүртэлх нислэг буюу өдөрт 11 удаа, дан ганц Сөүл рүү биш Бусан, Тэгү, Мёонг гэсэн 4 чиглэлд нислэг үйлдэхээр болсон. Мөн Монгол-Япон улс хооронд нислэгийн давтамж долоо хоногт 26 байсныг, 62, Монгол-Тайланд хооронд долоо хоногт 10 байсныг 30 болгож гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн. Монгол-Турк хооронд 6 байсныг 34, Бээжин хот руу долоо хоногт 42 удаа нислэг үйлдэх боломж бүрдүүллээ.
Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар Катар, Кувейт улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах эрхийг олголоо. Ингэснээр Ойрхи дорнод, баруун азийн орнууд руу шууд нислэгтэй болж, экспортын ачааны эргэлт нэмэгдэж, аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Мөн өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-тай “Open sky” буюу агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэж, энэ оны 6 дугаар сард хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүрэн хүчин төгөлдөр болж шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. 2023 онд Австрали улстай “Open Sky” хэлэлцээр хийхээр ажиллаж байна.
Мөн энэ оны эхний хагас жилд багтаан Грек, Унгар, Их Британи улстай шууд нислэг үйлдэх агаарын харилцааны хэлэлцээр байгуулах зорилт тавьж байна. Эдгээр хэлэлцээрүүдийг байгуулснаар дэлхийн гол агаарын тээврийн зангилаа цэгүүд рүү ямар нэг хязгаарлалтгүй, чөлөөтэй, шууд нисэх боломж бүрдэх юм.
Нислэгийн томилгоог авиа компаниуд хоорондоо зөвшилцөж, өөрсдөө тохиролцон сайдаар батлуулж байгааг онцлон хэлье.
Мөн нислэгийн тийзний үнэ буурч байгаа. Тухайлбал, Улаанбаатар-Бээжин чиглэлд МИАТ ТӨХК 1.2 сая, Улаанбаатар-Истанбул чиглэлд 2022 онд хоёр талдаа 4 сая төгрөгөөр нисдэг байсан бол МИАТ ТӨХК 2.2 сая төгрөгөөр нислэг үйлддэг болсон.
Улаанбаатар-Сөүл чиглэлд 2.5 сая төгрөгөөр нисдэг байсан бол одоо хоёр талдаа 1.2-1.5 сая төгрөгөөр нисдэг болж тийзний үнэ 2 дахин буурсан. Агаарын тээврийн салбарт тэгш шударга өрсөлдөөнийг бий болгож хямд тийз, хүртээмжтэй нислэг, үйлчилгээний чанарт цаашид үр дүн гаргахад Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгойлон анхаарч байна. Ингэснээр жилдээ 3 сая зорчигч тээвэрлэх боломж бий болгосон.
Орон нутгийн нислэг өнөөдөр гурван чиглэлд нислэг үйлдэж байна. Энэ оны эхний хагаст дотоодын нислэгийг сэргээх талаар Засгийн газраас дорвитой шийдвэр гаргана. Манай улсад ирэх жуулчид алслагдсан аймгууд руу нисэх боломж бүрдүүлж , өндөр настан, өвчтэй зовлонтой иргэд, бага насны хүүхэдтэй хүмүүс онгоцоор зорчих, орон нутгийн иргэд хөнгөлөлөлттэй үнээр үйлчлүүлэхэд анхаарч ажиллана.