Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Эх орончдын өдөр”-т зориулсан “Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.
Тус хуралд улс төрийн 17 намын удирдлагууд болон эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид уригдаж, улс төрийн намуудын шинэчлэл, сонгуулийн тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд сонгуулийн холимог тогтолцоог бүрдүүлэх эсэх, Улс төрийн намын тухай хууль ба санхүүжилт гэсэн хоёр асуудлыг үндсэн илтгэлдээ хөндлөө.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжин, зөвхөн тойргийн эрх ашиг, хатуу гишүүнчлэл мөнгөний сүлжээнээс үндэсний тогтвортой хөгжлийн, олон намын дуу хоолой бүхий иргэдийн төлөөлөх эрхийг хангах, нийгмийн давхарга бүрийн дуу хоолойг дэмжсэн тогтолцооны шинэчлэл хийхэд эрх баригч нам бэлэн байгааг тэрбээр хариуцлагатайгаар мэдэгдэв.
Парламентад суудалтай болон суудалгүй намуудын удирдлагууд ч эрх баригч МАН-ын даргын энэ байр суурьтай санал нэгдэж буйгаа илэрхийлэв.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хууль хэт ерөнхий, билэгдлийн байна. Улс төрийн намуудын үзэл баримтлал ялгагдахаа больж, хоосон популизм газар авч, том төслүүд гацсан 30 жил өнгөрснийг Ерөнхий сайд шүүмжилсэнтэй олон хүн санал нэгдсэн.
Сонгуулийн санхүүжилтийн тухайд уул уурхайн хэдхэн компани, банкны эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөж, системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд бүтэн шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний нууц дохиураар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан, мөнгөний сонгууль болсон он жилүүд өнгөрсөн.
Бид одоо энэ асуудлыг шийдэхгүй бол эдийн засаг томрох тусам системийн авлигын асуудал нь ардчилсан Монгол төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан эрх чөлөөг худалдан авах, эс бөгөөс бусдад худалдах эрсдэл үүснэ.
Тиймээс хамгийн бага зардлаар, бодлого уралдуулдаг нээлттэй мэтгэлцээнд тулгуурласан сонгуулийн эрх зүйн орчныг бүрдүүлж, улс төрийн нам болон нэр дэвшигчийг нууцаар санхүүжүүлсэн далд тогтолцооны хариуцлагыг чангатгах боломжтой гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авилгатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод уул уурхай тэр дундаа нүүрс, зэс дагасан далд эдийн засгийг ил болгож, төрийн бүх шатанд үүрлэсэн авлигын гинжин хэлхээг тасалж, шимэгчдийг шүүрдэн цэвэрлэхэд хамгийн чухал нь улс төрийн намуудын санхүүжилт, нам дагасан цүнх баригчдын томилгооны асуудал, хэт мөнгөнөөс хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглэв.
Энэ үеэр үг хэлсэн улс төрийн намуудын дарга нар, эрдэмтэн, судлаачид сонгуулийн тогтолцоог шинэчлэх, намуудын санхүүжилтийг ил тод болгох, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах зэргээр намуудыг “шилэн”, сонгуулийг боловсронгуй болгоход чиглэсэн хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар тал талаас нь хэлэлцээд эцэслэн шийдэх боломжтой гэсэн Ерөнхий сайдын дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжихээ илэрхийлж байлаа.
Улс төрийн нам өөрөө хэсэг бүлэг хүмүүсийн төдийгүй нэг гэр бүлийн гишүүдийн нэгдэл төдий болж хувирсан. Улс төрийн нам бол төр, иргэнийг холбох гүүр байх ёстой. Энэ үндсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт өнөөдөр шийдэл хэрэгтэй байгааг АН-ын дарга Л.Гантөмөр онцолсон юм.
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэлийг сэргээх, дараа нь улс төрийн намуудаа чадавхижуулах замаар парламентын ардчиллыг бэхжүүлэх нь чухал байгааг хэллээ.