Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Нарны баяр-Наурызын баяр, төр нийгмийн зүтгэлтэн М.Хурманханы мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар, Эрдэнэт хот болон нийслэлийн Налайх дүүрэгт “Бүргэд” драмын жүжгийг тоглолоо.
Драмын жүжгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Р.Шынайн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ахтаны “Бүргэд” найраглалаас сэдэвлэн бичсэн бөгөөд Казах түмний ахуй амьдралын онцлогийг шингээсэн, шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйлийг илэрхийлэн харуулсан бүтээл болсон юм.
Баян-Өлгий аймгийн түүхийн салшгүй нэгэн хэсэг бол соёл, урлагийн хөгжлийн түүх юм.
Анх 1956 онд байгуулагдсан Баян-Өлгий аймгийн “Хөгжимт драмын театр”-ын хамт олон 60 гаруй жилийн түүхэнд Дэлхийн болон Монгол, Казахын сонгодог, орчин үеийн олон арван уран бүтээлүүдийг тайзнаа амилуулж, орон нутгийн онцлог соёлыг эх орондоо төдийгүй хилийн чанадад сурталчлан, үзэгч, ард түмнийг соёл гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.
Тус театр 1976 онд Улаанбаатар хотод тайлан тоглолтоо хийж байсан.