Улсын Их Хурлын Тамгын газар, Олон Улсын Парламентын холбоотой (ОУПХ) хамтран Жендерийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах талаарх семинарыг өчигдөр (2023.04.05) Төрийн ордонд зохион байгууллаа.
Семинарыг нээж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг үг хэллээ.
Тэрбээр, Жендерийн мэдрэмжтэй хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх нь парламентын хөгжлийн чухал үзүүлэлт байдаг. Монгол Улсын хувьд 1924 онд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хүлээн зөвшөөрч эмэгтэйчүүдийн сонгох эрхийг баталгаажуулсан хэмээн онцоллоо. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан үнэлгээнүүдээс харахад Монгол Улс дахь жендерийн үзүүлэлт харьцангуй хоцрогдолтой байдаг. Тухайлбал, дэлхийн жендерийн зөрүүтэй байдлын 2022 оны индекст Монгол Улс 146 орноос 70 дугаар байранд орсон байдаг. Монгол Улсад 2011 онд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсанаас хойш 12 жил өнгөрсөн.
Гэтэл Монгол Улсын парламент дахь эмэгтэй төлөөлөл 17 хувьтай байна. УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэх Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн төрийн шууд болон шууд бус санхүүжилтийн хэлбэрүүдийг суулгах, квотыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгахаар ажиллаж байна гэлээ. Өнөөдрийн семинар Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн, жендерийн тэгш байдлыг хангахад томоохон алхам болно гэдэгт Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд итгэж байна гэв.
Хэлэлцүүлэгт оролцогчид жендерийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх, парламентын өөрийн үнэлгээнд тусгах ёстой үйл ажиллагааны чиглэл болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Илтгэгчид жендерийн тэгш байдлыг бий болгох нь аль нэг хүйсэд давуу байдлыг олгож байгаа хэрэг биш харин жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт, жендерийн мэдрэмжтэй төлөөлөл парламентад бий болгоход оршиж байгаа хэмээлээ.
Жендерийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах семинарыг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын парламентын холбоо харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны наймдугаар сарын 10-ны өдөр байгуулсан.
Өнгөрсөн хугацаанд ОУПХ, УИХ-ын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа чухал үр дүнтэй арга хэмжээнүүд зохион байгуулсан. Тухайлбал, “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт цахим хэлэлцүүлэг хийсэн.
Энэ уулзалтын үр дүнд Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын харилцаа, хамтын ажиллагаанд тодорхой ахиц дэвшил гарсан гэж бид үнэлж байгаа.
Харин өнөөдөр зохион байгуулж байгаа цахим семинарын үр дүнд
Жендерийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэхэд 2023 онд Улсын Их Хурал хоёр томоохон арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт хүний эрхийн өөрийн үнэлгээ хийнэ, хоёрдугаарт жендерийн мэдрэмжтэй байдлын үнэлгээг хийнэ. Энэхүү ажлыг ОУПХ, үндэсний мэргэшсэн экспертүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. Энэ үнэлгээ бол Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын стратеги төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэж итгэж байна гэлээ.