Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаар Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан Х.Булгантуяаг сэлгэн томилж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тамгыг нь гардуулан өглөө.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдад УИХ дотроо сууж байгаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт төрөөс баримталж буй бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замыг байнга анхаарч ирсэн, манлайлагч эмэгтэй гишүүнийг сайдаар томилж байна.
Салбарын хэмжээнд эрх зүйн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүссэн.
1990-ээд онд тухайн цаг үеийн нөхцөл байдлыг намжаах, үндсэндээ гал унтраах зорилгоор батлагдаж байсан хуулиуд нь өнөөгийн нийгмийн шаардлага, хүлээлтэд нийцэхгүй болсныг та бүхэн мэдэж байгаа. Иймээс УИХ-д одоогоор Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн мэдүүлсэн, хэлэлцэгдэхээр дэмжигдээд байгаа.
Хөдөлмөрийн тухай хууль батлагдсан. Одоо хэрэгжүүлэх үйл явц ид өрнөж байгаа энэ үед та бүхэн маань шинэ сайдтайгаа хамтран салбартаа эрх зүйн цоо шинэ орчныг бүрдүүлэн, амжилттай ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээгээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.