76 дахь удаагийн “Cannes Film Festival”-д Монгол Улсаас анх удаа найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” кино нэр дэвшлээ.
Найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” уран сайхны кино Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшсэн бөгөөд 5-р сарын 21-ний өдөр “Salle Debussy” театрт үзэгчдийн хүртээл боллоо.
“Баавгай болохсон” уран сайхны киног “Амигдала фильмс” болон “Urban Factory Production” компани хамтран бүтээсэн бөгөөд энэхүү кинонд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсийн ерөнхий боловсролын сургуульд сурдаг 15 настай хүү амьдралаа өөрчлөхийн тулд физикийн олимпиадад оролцож дээд сургуулийн тэтгэлэг авч байгаа түүхийг өгүүлдэг юм.
76 дахь удаагийн “Каннын Олон улсын кино наадам” нь энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд “Un Certain Regard” төрөл нь шинээр гарч ирж буй кино найруулагчдыг дэлхийн зах зээлд танигдах хөшүүрэг болдог.