“Яг түүн шиг-2023” шоуны гурав дахь дугаарын ялагчаар дуучин Э.Агиймаа тодорлоо. Өмнөх дугааруудад хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсаар ирсэн тэрээр үзэсгэлэнт Селин Дионыг тайзнаа “урлаж” ялагч болсон юм.
“Яг түүн шиг 2023” шоуны гурав дахь дугаарын ялагч болсонд баяр хүргэе. Celine Dion-ийг Монголын тайзнаа авчрахад танд ямар давуу тал байв?
Баярлалаа. Хоолойн тембер ойролцоо байсан болохоор дуулах учраа эрт олсон. Тиймээс өөрийгөө хөгжүүлж, “ургуулан” илүү өөртөө итгэлтэйгээр дуулж чадсан болов уу. Мөн нүүрний бүтцийн хувьд адилхан шөвгөр царайтай байсан учир хувирахад арай амар байсан.
“Яг түүн шиг” шоуны VI улирлын турш нийт 10 дугаар үзэгчдэд хүрнэ. Гурван дугаарын ард гарчихлаа. Цаашид гарах долоон дугаарт ямар дүр таараасай гэж хүсэж байна вэ?
Эрэгтэй хүн л битгий таараасай гэж бодож байна. Эсрэг хүйстнээ дуурайхад яагаад ч наалдахгүй их хэцүү юм билээ. Миний хувьд эмэгтэй хүн дундаа хоолойны цар хүрээ дөхөм хүмүүс таараасай гэж их хүсэж байгаа. Учир нь өнгөрсөн дугаарт Рианнаг дуурайхад хоолойны хувьд тэс өөр байсан учир маш их эрэл хайгуул хийж, олон удаа түүнийг сонссон ч яаж дуугарах учраа олохгүй, амаргүй даваа байсан.
Шүүлтийн хувьд ямар саналтай байдаг вэ?
Шүүгч болон үзэгчид биднээс маш их зүйлийг хүлээж байдаг учир шүүгчдийн зүгээс хэлсэн зөвлөгөөнүүдтэй санал нэг байдаг. Өөрийн олж хараагүй зүйлээ шүүгчдийн санал шүүмжээс олж авч байна.
Нүүр хувиргалтын багийнханд үзэгчид сэтгэл дундуур байгаа нь ажиглагдаж байна. Та оролцогчийн зүгээс ямар саналтай байдаг вэ?
Оролцогчдыг хувиргахын тулд бүгдээрээ маш сайн ажиллаж байна. “Энэ хүнийг муухай болгочихъё” гэж хувиргахгүй нь ойлгомжтой шүү дээ. Ази хүмүүсийг өнгөт арьстан болон европ хүмүүс рүү дөхүүлэх үнэхээр хэцүү байдаг. Миний хувьд нүүр хувиргалтын багийг маш их хичээж ажиллаж байгааг мэдэх учраас тэдний талд орно.
“Яг түүн шиг” шоу эхэлсэн цагаас хойш үзэгчид найм хуваагдаж, өөрт таалагдсан оролцогчдоо дэмжиж байна. Энэ дотроос зөвхөн таныг л дэмжиж буй цөөнгүй олон хүн байгаа нь танд хэрхэн мэдэгдэж байгаа вэ?
Миний хувьд уран бүтээл хийгээгүй 4-5 жил болж, урлагаасаа хол байлаа. “Яг түүн шиг” шоунд анх оролцохоор шийдвэр гаргасныхаа дараа “Намайг дэмжих хүн хэр олон байх бол” гэсэн айдас байсан ч төсөөлснөөс маш олон хүн намайг дэмжиж байгаад үнэхээр их хайр хүрч байна. Намайг илүү гоё үзүүлбэр үзүүлээд ялаарай гэж хүч өгч байгаа хүн олон байгаа учир итгэлийг нь алдахгүйгээр улам их хичээх болно гэдгээ амлая.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу