Монголд анх удаа “ХЯЗГААРГҮЙ” хипхопера мюзикл тайзнаа

Дэлхий дахины соёл урлагийн шинэ инновацын бүтээгдэхүүнийг цаг алдалгүйгээр Монголын үзэгчдийн хүртээл болгохоор шаргуу ажилладаг хэсэг бол тайз, дэлгэцийн залуу уран бүтээлчид байдаг. Үүний нэгэн жишгээр Монголд анх удаа “ХЯЗГААРГҮЙ” хипхопера мюзиклийг тайзнаа дэлгэж байна.

Энэ сарын 20,21,22-ны өдрүүдэд “The corporate hotel and convention centre”- д тоглогдох уг “хипхопера” мюзикл нь дөрвөн төрлийн жанр багтааснаараа онцлог. Тодруулбал хип хоп, дуурь, драм, физикл хослуулсан өвөрмөц найруулгатай. Дөрвөн өөр цаг үеийн нийгмийн аж байдал, соёл иргэншлийн төлөөллийг нэг тайзнаас зэрэг харах боломж юм. Тэд хоорондоо хэрхэн хоршиж, магадгүй харшилдах учир шалтгааныг тэндээс танин мэднэ.

Тус мюзикл Монголын орчин цагийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аялгууг дархалсан Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын “Хязгааргүй” бүтээлийн дор туурвигдах юм. “Хязгааргүй” моно операг анх тайзнаа толилуулахад үзэгчдийн таашаалыг хүртэж, “Гэгээн муза-2010” наадмын шилдэг зохиол, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг найруулагч, гранпри гээд нийт долоон цомыг хүртэж байсан түүхтэй. Тэрбээр хэлэхдээ “Одоогоор миний бичсэн хөгжмийн бүтээлүүдээс хамгийн шилдэг нь “Хязгааргүй” моно опера” хэмээн тодорхойлж байсан.

Харин энэ удаагийн жүжгийг “Хайр” уриан дор толилуулахаар уран бүтээлчдийн баг хуралдахад “хипхопера” мюзикл байвал ямар вэ гэсэн санааг залуу жүжигчин СТА Х.Баярмаа дэвшүүлжээ. Түүний санал дэмжигдэж жүжигчин С.Баянмөнхийн (Gangbay) хамтаар гол дүрийг бүтээх юм. Мөн голлох дүрүүдэд ДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ С.Мөнгөнцэцэг, жүжигчин Г.Эрдэнэболд нар тоглох аж.

Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуяг нарын бүтээлийг залуу найруулагч Д. Амгаланбаяр найруулан тавьж олны хүртээл болгох гэж байна.

Жүжгийн тасалбарыг  https://www.ticket.mn/event/1688/ авна уу.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …