Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сатбир Сингхийг үүрэгт ажлаа дуусган нутаг буцах болсонтой нь холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр /2013.12.04/ Төрийн ордонд хүлээн авч уулзав. Ноён Сатбир Сингх, УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд гурван жилийн хугацаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар ажилласандаа сэтгэл ханамжтай байгаагаа хэллээ. Мөн тэрээр өөрийн оронд болох гэж буй сонгуулийн талаар танилцуулж, хоёр орны парламентын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
УИХ-ын дарга З.Энхболд ноён Элчин сайдын Монгол Улсад ажиллах хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг үнэлж байгаагаа илэрхийлээд энэ хугацаанд хоёр талын өндөр, дээд хэмжээний уулзалтууд болж, хоёр орны эдийн засгийн өсөлт нэмэгдсэнийг онцоллоо. Тэрээр уулзалтын төгсгөлд Элчин сайд Сатбир Сингхийн цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.