Фото:Сэцэн ханы ордон музейн гадна талбайг тохижуулжээ

М-Си-Эс Групп Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготойгоор санаачлан хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр Сэцэн ханы ордон музейн гадна талбайн тохижилтын ажлаар үргэлжиллээ.

Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн ханы ордны нийт 8225 м2 гадна талбайд тохижилтын ажлыг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлж, 5200м2 явган хүний зам, олон нийт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг байгалийн чулуу, хөх тоосго, хөнгөн блокоор тохижуулж, 3000м2 талбайн зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ. Мөн орчны тохижилтын гэрэлтүүлэг хийсний зэрэгцээ түүх, соёлын дурсгалт уран барилгын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.

Энэхүү тохижилтын төслийг амжилттай гүйцэтгэж дууссанаар “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн таван жилийн хугацаанд М-Си-Эс Группийн санхүүжилтээр нийт 15 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

Тодруулбал, Чойжин ламын сүм музейн 2 га эдэлбэр газрын тохижилтын төсөл, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн AR дижитал үзмэр бүтээх төсөл, Амарбаясгалант хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж, хамгаалах төсөл, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа, Монголын Уран зургийн галерейн уран зураг сэргээн засварлах лабораторийн дотоод засал чимэглэл, Морин хуурын чуулгын “Монгол аялгуу” хос пянз зэрэг төслийг тус тус амжилттай хэрэгжүүлээд байна.

Сэцэн ханы ордны тухай

Сэцэн ханы ордон нь Халхын Сэцэн хан аймгийн угсаа залгамжилсан хануудын ажиллаж, амьдарч байсан зуны ордон өргөө ба 1828 онд баригдсан Монгол Улсын түүх, соёл, уран барилгын хосгүй ховор дурсгалын нэг юм. Уг ордон нь анх 30 гаруй сүм, дуганаас бүрдсэн, гадуураа хэрмэн хашаатай, дотор талд нь улаан хэрэм, цагаан хэрэм, бор хэрэм хэмээх гурван хэсгээс бүрдсэн цогцолбор газар байжээ. Одоо зөвхөн Сэцэн ханы сангийн болон шүтээний, гал тогооны сүмүүд болох таван сүм үлджээ. Уг ордныг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор уран барилгын хосгүй ховор дурсгал хэмээн улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …