Улсын Филармонийн Морин хуурын чуулга анх удаа Австрали Улсын Сиднейн дуурийн театрт 9-р сарын 14-ний өдөр бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар боллоо.
Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдсан бөгөөд 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглолт хийж байсан. Мөн өнгөрсөн онд Монгол Улс-Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойд зориулан “NHK Hall” танхимд хүндэтгэлийн тоглолт хийсэн билээ.
Монгол улс, Австрали улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга ирэх сард “Сидней Дуурийн Театр”-ын тайзнаа тоглох бөгөөд Сиднейн дуурийн театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болох юм.
Уг тоглолтод Морин хуурын чуулга Монгол аялгуу, Уран хас балетын Adagio, Монголын тал нутаг зэрэг бүтээлүүдийг толилуулах юм.