Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.10.04/ боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдэх төлөвлөгөөний хүрээнд дараах чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагуудад үүрэг болгоод нийслэл дэх авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.
Үүнд:
1. Нийслэлд 5Ш ажиллагааг идэвхжүүлэх, цогц шалгалт хийх
2. Нийслэлийн эрх зүйн орчныг шийдэх
3. Бүтцийн цогц реформ хийх
4. Нийслэлийн амьдралын чанарын стандартын шинэтгэл хийх
5. Төлөвлөлтгүй газар олголт, хот байгуулалтын алдааг засах
Энэ зорилтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох улс төрийн шийдвэр гаргаж буйгаа тэрбээр танилцуулжээ.
“Нийслэлд үүссэн асуудлуудыг шийдвэрлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ хэллээ.