Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Академитай хамтран “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, аливаа хуулийн амин сүнс нь ёс суртахуун мөн гэж тодотгоод, нийгмийн хөгжлийн үндэс нь хүний хөгжил бөгөөд хүний хөгжлийн суурь нь ёс зүйн боловсрол хэмээн тэмдэглэв.
Тэрбээр үргэлжлүүлэн, “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон ач холбогдолтойг онцлохын сацуу нийгмийн ёс зүйн төлөвшлийг төрийн алба манлайлах ёстой тул Улсын Их Хурлаас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж 2023 оны 07 дугаар сарын 03-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж буйг дурдлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар, монголын ард түмэн бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн Ардчилсан шинэ Үндсэн хуульдаа тунхаглаад 30 гаран жилийг өнгөрөөсөн ч сүүлийн үед ёс суртахууны доройтлоос үүдэлтэй сэтгэл сэрдхийлгэм хэрэг, явдлууд гарч буй нь монгол хүний хүнлэг энэрэнгүй зан, ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйлийн талаар эргэцүүлэн бодоход хүргэж байна гэв. Түүнчлэн нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүл нь хүүхдэд хүмүүжил төлөвшил олгох үндсэн орчин, эцэг эх, асран хамгаалагч нь гол сурган хүмүүжүүлэгч нь болж улмаар цэцэрлэг, сургуулийн орчин, багш нар нь хүүхдэд үлгэр дуурайлал авах манлайлагчид нь байдаг гэлээ.
Иймд ёс зүйн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хүн бүрийн идэвх, зүтгэл чухал хэмээн тэмдэглээд, Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар баталсан Боловсролын ерөнхий хуульд “Монгол Улсын боловсролын зорилго нь хүн бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай, сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлэхэд оршино” хэмээн зааж өгсөн гэдгийг тодотголоо.
УИХ-ын дарга, монгол хүний үнэт зүйл ёс суртахуунд нь оршдог тул тэрхүү үнэт зүйлийг баттай төлөвшүүлэхэд онцгой анхаарч, салбар бүрт ёс зүйн дүрмээ чанд мөрдөн ажиллах үр дүнтэй механизмыг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлов.