Ш.Раднаасэд:Хүмүүс хэвтээд эмчлүүлэх эмнэлэггүй байхад соёлын төвөөр яах юм бэ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.20/ хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Ирэх жилийн төсөвт сумдад 52 ширхэг соёлын төв барихаар тусгасан байна. Аймаг орон нутгаас санал авахаар соёлын төв байх уу, спорт заал байх уу гэхээр соёлын төв гээд санал өгчихөж байгаа юм. Гэтэл энэ нь иргэдийн саналаар дэмжигдсэн гээд яваад байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд ийм юм баймаар байна гэдэг санал асуугаагүй учраас санал өгөхгүй байгаа юм.

Хэдүүлээ хавдрын эмнэлгийг бариад өгчихье. Нийт 140 орчим тэрбум төгрөгөөр барьчихаар юм байналээ. Гэтэл 52 соёлын төвийг 154 тэрбум төгрөгөөр барихаар тавьсан. 2024 оны сонгууль чинь холимог тогтолцоогоор явна. Намын том бодлого явна. Үүнийгээ бодоод аль аль нам нь дэмжээд хавдрын эмнэлгийг бүтнээр нь тавиад өгчих хэрэгтэй.

Хавдрын өвчлөл бүх аймаг, сум, баг, айл бүрд байна. Зарим сайдын тойрогт нь тавьж байгаа төсөв салбарт нь тавьж байгаа төсвөөс их байгаа шүү. Бид гэртээ хөргөгчгүй байж үнэтэй зургийн аппарат авч байгаа айл шиг л харагдаж байгаа. Тэнд хүмүүс хэвтээд эмчлүүлэх эмнэлэггүй байхад энд соёлын төвөөр яах юм бэ. Ажлын хэсгийнхэн анхаарч энэ саналыг тусгаж өгөөч.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …