УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өчигдөр хуралдаж “Боловсролын салбарын үйл ажиллагаа, үнэлгээ, хөрөнгө оруулалт”-ын талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэлийг сонсов.
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан мэдээлэл хийх үеэрээ”Төрийн тендерээр гүйцэтгэж байгаа ажлуудын чанар дээр тодорхой ахиц дэвшил гаргахгүй бол хийж чадна гэж тендер авчихаад төрийг шантаажилж мөнгө хийдэг, тендерээр мэргэшиж угжны хурга шиг болчихсон компаниуд зөндөө байна.
Тэр тусмаа манай салбарт тендер авч ажлаа чанартай гүйцэтгээгүй 27 компанийг хар жагсаалтад оруулж, нэрийг нь зарласан. Цаашдаа ч бас сахилга, хариуцлагын асуудлыг ярихаас өөр аргагүй. Барилга хөгжлийн төвийн хяналт хийж байгаа асуудал, одоогийн тогтолцоогоо эргэж харахгүй бол болохгүй байна. Манай салбарт гэхэд 380 орчим барилгын ажил дээр яам дангаараа хяналт хийгээд явна гэдэг хүндрэлтэй. 2024 оны төсөв дээр томоохон хөрөнгө оруулалт орж ирж байгаа.
Шинээр 700 орчим барилга баригдана, дээр нь ариун цэврийн байгууламжууд гээд нийт 1200 орчим объект дээр дан ганц яам хяналт тавина гэдэг хүндрэлтэй. Тийм учраас ийм их хэмжээний хөрөнгө оруулалттай жилүүдэд барилгын гүйцэтгэл, хяналтад тохирсон уян хатан тогтолцоог нэвтрүүлэх шаардлага үүсэж байна.