Монголын Үндэсний шилдэг бүтээл “Уран хас” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх тоглогдсоноос хойш ийнхүү 50 жилийн ойтойгоо золгож байна.
“Уран хас” балетыг Төрийн шагналт, ардын жүжигчин Жамъянгийн Чулуун 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх үзэгчдийн хүртээл болгож байжээ.
Тавин жилийн турш УДБЭТ-ын тайзнаа тоглогдож буй тус балетыг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэсэн. Харин балетын анхны тоглолтод Урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач Ч.Жамсранжав, Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж, гол дүрүүдэд Э.Оюунбат, Д.Батхүрэл, Ю.Цэрмаа, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг зэрэг балетын гоцлоочид тоглож байжээ.
“Уран Хас” балет нь хоёр бүлэг гурван үзэгдэлтэй. Тус балетыг 50 жилийн турш театрын үе үеийн шилдэг уран бүтээлчид амилуулан үзэгчдийн хүртээл болгосон.
Тус балетыг 2008 онд дахин шинэчилж, буг согооны бүжгийн хэсгийг нь хасч, вальсын хэсгийг нь онцлон гаргаж тавьсан. 2013 онд Уран хас балетын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд буга согооны бүжгийн хэсгийг дахин оруулж балетыг хуучин хэлбэрээр нь тоглож үзэгчдийн хүртээл болгосон. Буга, согооны бүжгийн хэсэг нь массыг хамарсан нэлээд сонирхолтой хэсэг нь аж. Энэ бүжгийн хэсгийг дахин сэргээхийн тулд бугийн-12, согооны 12 нийт 24 хувцсыг шинээр хийж байсан түүхтэй.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон тус балетын 50 жилийн ойн хүрээнд 10-р сарын 28,29-ны өдрүүдэд “Уран Хас” балетыг тоглох гэж байгааг дуулгахад таатай байна.
Ж.Чулуун “Уран хас” балетыг Театрын тайзнаа амилуулсны 50 жилийн ойн арга хэмжээг Монгол Улсын Консерватортой хамтран 12-р сард тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байна.