Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан.
Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023 оны 10 дугаар сарын 17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянга давсан билээ.
Нийтийн өргөдөл хүлээн авах цахим системд байршуулсан саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурлын дарга уг асуудлын талаар Улсын Их Хурлын чуулганд мэдээлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ хэмээн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан.
Энэхүү журамд заасны дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.10.27/ нийтийн өргөдлийн дүнг чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдөр иргэн бүрийн нүдэн дээр ил байгаа НӨАТ-тай холбоотой нэг асуудал бол аль ч дэлгүүр, худалдааны байгууллагуудаас бараа худалдан авахад НӨАТ-ын 10 хувиар наймаалцаж байгаа нь бодит үнэн.
Өөрөөр хэлбэл, бараа авахад НӨАТ-тэй авах уу, НӨАТ-гүй авах уу гэж асуудаг, хэрвээ НӨАТ-гүй авъя гэвэл И-баримт өгөхгүйгээр үйлчилдэг, орлогоо нуудаг.
Иргэд маань хууль зөрчиж байгааг мэддэг ч 2 хувийн буцаан олголтоос 10 хувийн НӨАТ төлөхгүй байхыг илүүд үздэг нь хэвийн үзэгдэл болсон. Нийгэмд ил байгаа энэ асуудлыг, хуулийн зөрчлийг бид засахгүй, арга хэмжээ авахгүй, шийдвэр гаргахгүй төлөөллийн байгууллага байж таарахгүй. Иргэд ч, албан байгууллага нь ч хууль зөрчөөд байгаатай эвлэрээд суувал хууль хэрэгжихгүй байх үндсэн шалтгаан болдог.
Хоёр хувийг 5 хувь болгосноор төсөвт нэмэлт зардал гарах ч, орлого тал дээр нэмэлт орлого орж ирэх бололцоотой. Нуусан орлого нэмэгдэхээр зөвхөн НӨАТ-ын орлого биш, бусад татварын орлого ч үүнийг дагаад нэмэгдэнэ. Гэтэл энэ нэмэгдэх орлогыг ярилгүй, зөвхөн зөвхөн зардал талаас нь харж өрөөсгөл ойлголт төрүүлж болохгүй”гэв.