УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.30/ мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Хуулийн төслийн онцлог заалтаас ,
-Ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх
-Зардал бууруулах, сурталчилгааны оновчтой, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх
-Улстөржилтийг багасгах, нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын харилцан уялдаа холбоог дэмжих зохицуулалтыг тусгасан байна.
Цаашид УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллан, бусад намаас санал авч, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сургууль, цэцэрлэгийн үдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх эсэх асуудалд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоол, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал бага байна гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ хоёр асуудлаар Л.Энх-Амгалан сайд тодорхой саналууд боловсруулж байгаа. Эхний зарим нэг хувилбараар та бүхэнд мэдээлэл хийсэн байна лээ.Гэхдээ энэ нь бүлэг болон УИХ дээр яригдаагүй асуудлууд. Хэрэв тэгж шийднэ гэвэл заавал улс төрийн шийдвэр гаргаж байж явна. Та бүхэнд мэдээлснээр хүүхдийн мөнгөний тавин хувийг өгье гэсэн хувилбар танилцуулсан байсан. Хүүхдийн хоолны мөнгө дэндүү бага байна гэдэг дээр санал нэг байгаа.
Хүүхдийн 100 мянган төгрөгийн асуудал их эмзэг асуудал,хүүхдийн мөнгө руу дайрч, оролдож болохгүй гэдэг байр суурьтай байгаа”гэв.