Ардчилсан намын 4/11 мэдээллийн хурлаараа Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль, нийслэл хотод тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: Монгол төрийн бүх эрх мэдэл Монгол Ардын намын хулгайчдын гарт байна. Энэ нөхдүүдэд Монгол Улсын иргэний алтан амь ямар ч үнэ цэнгүй болсон байна. Нийслэл хотод сүүлийн 3 жилийн хугацаанд угаартаж амь насаа эрсдэх явдал 3 дахин өссөн байна. Сайжруулсан шахмал түлш хүний эрүүл мэндэд хортой юу, үгүй юу гэдэг албан ёсны дүгнэлт байхгүй. Төсвөөс 1 их наяд гаруй төгрөгийг зарцуулаад байна.
МАН-ын хулгайч нар сайжруулсан шахмал түлшээр дамжуулан бизнес хийсээр ирсэн. Улаанбаатар хотыг утаанаас салгах дэд бүтцийн хөгжлийг дэмжихгүй байна. Дахиад үргэлжлүүлээд сайжруулсан шахмал түлш нэртэй угаараар Улаанбаатарчуудыг хэр удаан хордуулах вэ, иймэрхүү бодлого явуулж байгаа МАН-ынхан монгол хүний амь насыг өчүүхэн чинээ бодохгүй байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан: Хотын ажил хогийн тамтаг болсон. Утаа униар, түгжрэл, хулгай гээд бүхэлдээ системийн доройтолд орчихсон байна. Сүүлийн 6,7 жилийн хугацаанд нийслэлийн төсөв 3 дахин нэмэгдсэн ч гарын салаагаараа урсгасаар байна. Хотын хөгжил яст мэлхийн хурдаар хөдөлж байна. Сүүлийн хэдэн жил түгжрэл, утаанд 1 их наяд төгрөгийг тус бүр зарцуулсан ч инженерийн бодлого, эдийн засгийн тооцоололгүйгээр хот урагшлахгүй нь ээ. Шинэ бодлого, менежмент хэрэгтэй байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Ардчилсан нам 2012-2016 онд Улаанбаатар хотод 33 уулзварыг хийсэн. Улс даяар 3000 км авто замаар бүх аймгуудаа холбосон. 2012-2016 онд найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг эхлүүлж байсан.
Монгол Ардын намын 2016 онд дэвшүүлсэн Аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөр нь биелсэн үү, аз жаргалтай Улаанбаатар хотод амьдарч чадаж байна уу, цаашид амьд явах уу гэдэг асуудлыг иргэд, олон нийт хөндөж байна. Зөвхөн шахмал түлшний хорт бодисоос үүсэлтэй шинэ төрлийн элэгний вирус гарчихлаа.